Цацраг идэвхт материал илрүүлэх 100 мониторыг 15 боомтод суурилагдсан
2023.06.27

Цацраг идэвхт материал илрүүлэх 100 мониторыг 15 боомтод суурилагдсан

“Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгаа, цөмийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны олон улсын эрх зүйн хэрэгсэл” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Тус зөвлөгөөнөөс нэгдэн орох конвенцууд, цөмийн хуулийн талаар хэлэлцсэн юм.

Монгол Улс 1968 онд Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж, 1972 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлжээ. Үүнээс хойш 1985, 1987, 2006, 2021 онуудад цөмийн зэвсгийг хориглох хэд хэдэн гэрээ, конвенцод нэгдэн орсон байдаг. УИХ-ын 60 дугаар тогтоолоор хэд хэдэн конвенц, протоколд нэгдэн орох талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан байна.

БШУ-ны сайд, Цөмийн энергийн комиссын дарга Л.Энх-Амгалан: "УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар, холбогдох байнгын хороод удаа дараа хэлэлцэн, дэмжиж байжээ. Цөмийн энергийн комиссын 2022 оны хуралдаанаар эдгээр конвенц, протоколд нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн, УИХ-ын хуралдаанд өргөн барих бэлтгэл хангахыг чиглэл болгосон.

Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу конвенц, протоколын орчуулгыг Гадаад харилцааны яамаар хянан баталгаажуулж, соёрхон батлах тухай хуулиудын төслийн үзэл баримтлалыг Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нартай хамтран батлаад байна. Мөн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

УИХ-ын 45 дугаар тогтоолоор Монгол Улсын төрөөс цацрагт идэвхт бодис ашиглалт болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг баталж, цөмийн дэвшилтэт технологи нэвтрүүлэн ашиглах, цацраг идэвхт ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах, цөмийн эрчим хүч ашиглах, цөмийн аюулгүй байдал цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагааг хангах, хүний нөөц бэлдэх, эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байна" гэв.

Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав:  "Монгол Улс цөмийн осолтой холбоотой олон улсын конвенцуудад 1987 оноос нэгдэн орсон. АНУ-ын Эрчим хүчний яамны төслөөр гурван байгууллагын цацрагийн байгууламжийн биет хамгаалалтыг сайжруулсан.

  • ЦЭК-ын ажлын албаны Изотоп контор
  • МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төв
  • ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасаг
  • Цацрагийн хяналтын тухайд Монгол Улсын 15 хилийн боомтод үүсгүүр, цөмийн материал илрүүлэх 83 суурин төхөөрөмж суурилуулсан.

Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орсонтой холбогдуулан тус нисэх буудалд цацраг идэвхт материал илрүүлэх мониторыг суурилуулсан. Одоогийн байдлаар нийт 15 боомтод 100 монитор суурилагдсан" гэв.