Аюулгүй байдал, гадаад бодлогын талаарх хэлэлцүүлэг болов
2022.10.28

Аюулгүй байдал, гадаад бодлогын талаарх хэлэлцүүлэг болов

Монгол Улсад айлчилж буй ХБНГУ-ын Бундестаг дахь Германы социал демократ нам /СДН/-ын бүлгийн дарга Др.Ролф Мюүтцинэхийн айлчлалын хүрээнд Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Фридрих-Эбертийн сангийн Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Бенедикт Ивановс, УИХ-ын Стратеги судалгааны хүрээлэн, ҮАБЗ-ийн Ажлын алба, Гадаад харилцааны яам, ШУА-ийн ОУСХ зэрэг 20 гаруй байгууллагын  эрдэмтэн, судлаачид оролцов.

Хэлэлцүүлгийн үеэр ХБНГУ-ын Бундестаг Германы СДН-ын бүлгийн дарга  Др.Ролф Мюүтцинэх оролцогчдод  “Социал демократ үзэл баримтлал ба гадаад аюулгүй байдлын бодлогын үнэт зүйлс, үндсэн зарчмууд” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр “Монгол Улс, ардчиллыг дэлхий дахинд түгээх, бэхжүүлэх,  хамгаалах үйлсэд чухал үүрэг гүйцэтгэдэгт нь ХБНГУ-ын улс төрчийн хувьд талархал илэрхийлэх нь зүйтэй. Герман улсын хувьд социал демократ үзэл баримтлал буюу эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёсны үнэт зүйл нь гадаад төдийгүй дотоод нөхцөл байдалд адил тэгш үйлчилдэг. Гадаад энхтайвныг хангахын тулд дэлхийн бусад улс орныг тэгш эрхтэй хөгжих боломжийг хангах ёстой гэсэн бодлого барьдаг.

ХБНГУ Орос Украины дайныг яриа хэлэлцээр, дипломат аргаар шийдвэрлэх ёстой гэдэг байр сууринд хатуу байгаа.
Дайн сунжирч эцэс төгсгөлгүй үргэлжлэх, эсвэл цөмийн дайны аюулт нөхцөл рүү орох эрсдэл байгааг бид бүгд харж байна. Энэхүү дайнаас улбаатайгаар олон улсын дэг журам өөрчлөгдөж, хүчний төв Ази руу шилжих магадлалтай байна.  Хоёр их гүрний дундах Монгол улсын гео стратегийн онцлог, НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээрх Монгол улсын байр суурийг ХБНГУ маш сайн ойлгож байгаа” гэдгийг онцлон дурджээ.