Чингүнжавын гудамжны эвдэрсэн авто замыг цэвэрлэлээ
Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлийн зарим авто зам эвдэрсэн. Тус байршлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт ажиллалаа.
Тодруулбал, Чингүнжавын гудамж буюу 25-р эмийн сангаас Өргөө кино театр руу өгсөх зам эвдэрч, замын асфальт хучилтууд хууларч урссан. Тус замыг 2006 онд тавьсан бөгөөд 2019 онд үерийн улмаас эвдэрснийг засварлан, нөхөн сэргээж байжээ. Тус авто замд Баянгол дүүргийн Онцгой комисс, Нийслэлийн Замын хөгжлийн газар болон тухайн хэсгийг хариуцсан зам засвар, арчлалтын компанийн албан хаагчид ажиллаж, асфальт, хог хаягдлыг цэвэрлэн, зөөж байна.
Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн:
-Баянгол дүүргийн хувьд бэлэн байдалд байсан бөгөөд дүүргийн Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Авто замын эвдэрсэн хэсгүүдэд яаралтай арга хэмжээ аван, цэвэрлэх ажлуудыг зохион байгуулж байгаа. “Барс” худалдааны төвийн хажууд, “Вояж” зочид буудлын ойролцоох авто зам цөмөрснийг шороогоор дүүргэж, яаралтай арга хэмжээ авсан. Харин Чингүнжавын гудамж дахь авто замын эвдрэлээс үүссэн хог хаягдлыг өнөө шөнөдөө цэвэрлээд, бороо зогсож, ус татарвал яаралтай нөхөн сэргээх үүргийг Хотын дарга өглөө. Мөн өмнөх удаагийн үерийн үеэр Дунд гол орчмын даланг хүчитгэсэн тул энэ удаад нөхцөл байдал хэвийн байгаа. Түүнчлэн дүүргийн хэмжээнд эрсдэлтэй барилга байгууламжуудыг тогтоон, эрсдэлийн үнэлгээг гаргахаар ажиллаж байна хэмээв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Одоогийн байдлаар УБЦТС, Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, УСУГ дээр Ажлын хэсэг гарган, ажиллаж байна. Үерийн ус орсон 25 байршилд ус соруулж байгаа. Мөн болзошгүй эрсдэлээс сэргийлэн 27 мянган хэрэглэгчийн цахилгааныг түр хязгаарласан. Ус соруулах ажил дуусвал эдгээр хэрэглэгчийг цахилгаанд холбоно. Дүүрэг бүр ижил зохион байгуулалттай ажиллаж байгаа бөгөөд хохирлын үнэлгээ тогтоох, яаралтай хариу арга хэмжээ авч, эрсдэлийг арилгах үүрэг чиглэл өгсөн. Эвдэрсэн авто замуудыг яаралтай цэвэрлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, бороо татарсны дараа нөхөн сэргээх, хучих ажлыг хийнэ гэлээ.