Оюунхорол.Д 2019.04.04 | News.mn

Хавдрын эмч нар дөрөвхөн өрөөнд жилд 2600 хагалгаа хийж байна

Хавдрын эмч нар дөрөвхөн өрөөнд жилд 2600 хагалгаа хийж байна

Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ордог. Тэр дундаа элэгний хавдрын өвчлөлөөр тэргүүлдэг гэхэд хилсдэхгүй. Зөвхөн 2018 оны байдлаар хорт хавдрын 6073  шинэ тохиолдол бүртгэгдсэний 3070 нь эрэгтэй, 3003 нь эмэгтэйчүүд байжээ.

Шинээр бүртгэгдэж байгаа тохиолдлын 60 хувь нь оношлогдсоноос хойш нэг жилийн дотор нас барж байна.  Өөрөөр хэлбэл, хавдрын тохиолдлын 76,6 хувь нь хожуу үедээ анх удаа оношлогдож байгаа нь нас баралт өндөр байх гол шалтгаан болж буй юм.

Салбарын яам нь уг өвчнийг эрт оношлох, хавдрын эмчилгээг дотооддоо эмчлэх зэрэг олон арга хэмжээ авч байгаа ч тулгамдаж буй асуудалтай танилцахаар УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан /НББСШУ/-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол болон байнгын хорооны гишүүд өчигдөр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д ажиллав.

УИХ-ЫН ГИШҮҮН, НББСШУ-НЫ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ОЮУНХОРОЛ:

-ХСҮТ-ийн эмч нар, эмч нарын баг, элэг шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээг маш сайн хийдэг эмнэлгийн үйл ажиллагаа сайжирсан байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд оношлогоог эрт илрүүлэх ажлыг маш сайн хийж чадсан байна. Цаашид хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, оношлогоог хийх зэрэг боломжуудад хөрөнгө санхүүжилтийг нь нэмэгдүүлэхэд Засгийн газар ажиллах шаардлага байна.

Хавдрын эмч нар элэг шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээг маш сайн хийдэг ч мэс заслын дараах эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд урт хугацаанд эмчлэх шаардлагатай байдаг юм байна. Үүнд зориулсан төрийн бодлого хэрэгжиж чадахгүй байгаа, байрны асуудлыг шийдэх  ёстой. Эмнэлэг анх 1982 онд ашиглалтад орсноос хойш өнөөдөр үйлчлүүлэгчдийн тоо 18 дахин нэмэгджээ. Гэтэл барилга, байгууламжийн багтаамж  нь тэлээгүй, нэмэгдээгүй байгаа нь үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх боломжгүйд хүргэж байгаа тухай эмч, эмнэлгийн ажилтан, эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэн бүхэн хэлж байна.

15-30 хоног хүлээнэ гэдэг нь үхэлтэй тэмцэж байгаа хүний хувьд маш урт хугацаа. Тиймээс энэ чиглэлд бид онцгой анхаарч, Монголын ард түмний төлөө  эмнэлгийн барилгыг сайжруулах, өргөтгөх, багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой гэдэг шаардлагыг төрийн бүх удирдах байгууллагад хүргүүлж, эцсийн шийдвэр гарч, үр дүнд хүртэл нь ажиллах болно.