С.Эрдэнэ 2019.04.12 | Demparty.mn

С.Эрдэнэ: Аавынхаа мөрөөдлийг биелүүлэх гэж сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлж байна

С.Эрдэнэ: Аавынхаа мөрөөдлийг биелүүлэх гэж сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлж байна

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа. Бидний яриа улс төрийн сэдвээр өрнөсөнгүй. Улс төрч хүнтэй спортын талаар, тэр дундаа сагсан бөмбөгийн талаар ярилцсан нь сонин санагдаж магадгүй.

Бидний хардгаар, С.Эрдэнээс “тэс хөндлөн” санагдаж болох энэ сэдэв харин түүний амьдралд бага балчир цагаас нь чухал ач холбогдолтой байсаар иржээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо (МҮСБХ)-г удирдаад зургаан жил болж байгаа, тус холбооны Ерөнхийлөгч. Энэ утгаараа хилийн чанадад буюу монголчууд хамгийн олноороо амьдардаг БНСУ-д сагсан бөмбөгийн “Супер цом” тэмцээнийг жилд нэг удаа монголчуудынхаа дунд зохион байгуулсаар дөрөв дэх жилтэйгээ золгож байна. “Супер цом-2019” арга хэмжээ энэ сарын 13, 14-нд Сөүл хотноо болох гэж буй. Энэхүү тэмцээний талаар мэдээлэл авах далимдаа эрхэм гишүүний амьдрал спорттой хэрхэн холбогддог талаар сонирхолтой яриа өрнүүлснээ уншигч танд уламжилж байна.


-Та МҮСБХ-г удирдсанаас хойш зургаан жил өнгөрчээ. Энэ хугацаанд сагсан бөмбөгийн спор­тод ямар дэвшил гарав. Монголын баг тамирчдын ур чадвар одоо ямар түвшинд хүрсэн бол?

-Саяхныг хүртэл манайд багийн спорт хөгжих боломж маш бага гэж үздэг байсан. ҮСБХ-г одоогоос зургаан жилийн өмнө байгуулснаас хойш сагсан бөмбөгийн спорт огцом, үсрэнгүй хөгжсөн гэж би хэлнэ. Энэ хугацаанд МҮСБХ-ны шугамаар 150-иад легионер ирж, монголд бүтэн 6-7 сарын турш байрлаж, спортын ур чадвараа сорихын зэрэгцээ туршлагаа хуваалцаж, лигийн тэмцээнд оролцож байсан. Намар голдуу 10, 11 дүгээр сард легионерууд ирдэг.

Ингээд хавар тавдугаар сард лигийн тэмцээн дуусах хүртэл хагас жил гаруй хугацаанд гадаадын өндөр мэргэжлийн сагсчид манай сагсан бөмбөгийн спортынхонтой хамтарч бэлтгэл сургуулилт хийж, хамтарсан тэмцээн, уралдаанд оролцоод явж байгаа нь манай тамирчдын бэлтгэл, сургуулилтад маш их нөлөөлсөн. Хоёрдугаарт, сэтгэлзүйн хувьд маш том бэлтгэл авсан.

Анх легионеруудыг орж ирэхэд манай тамирчдын дийлэнх нь тэднээс жаахан бэргэсэн, айсан байдалтай байлаа. Гэсэн ч удалгүй цочроо нь гарсан. Легионеруудтай хамтарсан бэлтгэл сургуулилт хийж, тэдний түвшинд тоглоод, техник, тактикийг нь сурна гэдэг спортын хөгжилд маш том хувь нэмэр болсон шүү. Тэгэхээр би сагсан бөмбөгийн хөгжлийг легионер тамирчдыг олноор оруулж ирсэнтэй л холбоотой гэж хэлнэ.

-Легионерууд ингэж олноороо монголд ирэх хөшүүрэг нь юу байдаг юм бол. Тэд монголд ирэх сонголтыг сайн дураараа хийдэг үү?

-Одоо Америк, европ, азийн сагсчдаас монголд легионероор ирж тоглох урилгын төлөө маш олон тамирчин өрсөлдөж байна. Монголд ирж тоглох маш их сонирхолтой. Тэд цалин, мөнгө гэхээсээ илүүтэйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжиж байгаа орнуудад очиж ажиллах, спортыг хөгжүүлэх чиглэлээр хувь нэмрээ оруулах сонирхолтой байдаг. Яагаад гэхээр энэ нь тухайн тамирчинд олон улсад нэр хүндээ өсгөх, өөрт нь оноо нэмэх үзүүлэлт болдог юм байна.

-Монгол тамирчдын ур чадвар дээшилж байгааг илтгэх ямар тодорхой баримтуудыг та хэлэх вэ?

-Маш олон гайхалтай тоглолт гарсан шүү дээ. Сүүлд Филиппинд болсон “Гурвын эсрэг гурав” тэмцээнийг монголын багийнхантай хамт очиж үзсэн. Монголын баг тамирчид зоондоо Канад, Орос, Филиппин, Бразил, Серб гэсэн дэлхийн хүчтэй багуудтай нэг зоонд орсон. Тэгээд манайх Бразилыг хожчихож байгаа юм.

Бас Орос, Филиппинийг хожоод Канадад ганцхан оноогоор, Сербид 6-7 оноогоор хожигдсон. Энэ чинь манай тамирчдыг ямар хэмжээнд хүрснийг харуулж байгаа юм. Орос, Серб, Бразил бол сагсан бөмбөгөөр тив дэлхийн олимпын аварга улсууд шүү дээ. Сүүлдээ тэр зоонд орсон багууд монголын баг тамирчдаас болгоомжилж, бэргэж эхэлсэн. Манай тамирчид тэднээс илүү дайчин, бие бялдрын хөгжил ч сайтай юм билээ. Барагтай бол “дээрэлхүүлээд” байхгүй, хурд хүч, техникийн хувьд дутахааргүй байсан. Үнэхээр бахархмаар. Ялангуяа Филиппиний баг өөрсдийгөө сагсны өндөр түвшний, тусгай зиндааны тамирчид гэж үздэг. Азийн аваргын тэмцээнд хүртэл тэр болгон тоож ороод байдаггүй. Дэлхийд цорын ганц, хамгийн том сагсан бөмбөгийн ордон Филиппинд байдаг шүү дээ. “Филиппин Арена” гээд 55 мянган хүний суудалтай ордон бий. Тэнд манай тамирчид Филиппинийн шигшээ багийнхантай тоглож хожсон.

Филиппинийн парламентын гишүүд нь ирчихсэн, бие халаалт дээр тамирчидтайгаа цуг гарч ирээд бөмбөг шидээд л. Тэнд бөөн сюрприз, томоохон шоу болж байсан л даа. Тэнд манай тамирчид гарч ирж тоглоод хожсон. Манай баг тамирчдын хөгжөөн дэмжигчид нийлээд 30 гаруй хүн (дийлэнх нь оюутнууд) тэнд байсан. 55 мянган хүний өөдөөс 30 хэдүүлээ балиашиглаад бидний хоолой хаана нь ч хүрэхгүй байлаа. 55 мянган хүний балиашиг бидний өмнөөс далайн давалгаа шиг л орж ирж байв. Гэхдээ тэмцээний дараа маш сайхан үйл явдал болсон. Филиппинийн хөгжөөн дэмжигчид хэдийгээр тоглолтын үеэр өөрийнхөө багийг дэмжиж байсан ч, тоглолтын дараа ирээд манай тамирчдад баяр хүргэж, хамт зургаа авахуулаад маш хүндэтгэлтэй хандаж байсан. Энэ бол тэднийг соёлтой, өрсөлдөгчөө хүлээн зөвшөөрч, хүндэтгэж чаддаг, спортын өндөр соёлтой ард түмэн гэдгийг харуулж байгаа хэрэг. Манайхан ч үүнээс суралцмаар юм даа гэж бодож байлаа.

-Ингэхэд таны МҮСБХ-г удирдах болсон шалтгаан, зорилго юу юм бол?

-Миний аав Д.Содномзундуй монголын сагсан бөмбөгийн спортын анхны мастеруудын нэг. Би бага байхдаа аавыгаа дагаж яваад тэмцээнүүдийг нь их үздэг байлаа. Нэг удаа Эрхүүгийн дээд сургуулийн шигшээ баг монголд ирээд манай үндэсний шигшээ багтай тоглосон юм. Тэд бараг 50 хэдэн онооны зөрүүгээр манай багийг хожчихсон. Аав маань гэртээ ирээд хувцсаа солиод сууж байснаа нэг их гунигтайгаар, “Эднийг хождоггүй юм гэхэд ядаж л ойрхон онооны зөрүүтэй хожигдчихдоггүй юм байх даа.

Бүтэн улсын шигшээ баг байж, Оросын захын нэг хотын дээд сургуулийн шигшээ багт ингэж хожигдож байна шүү дээ. Яаж энэ спортыг хөгжүүлнэ дээ” гэж байж билээ. Аав маань энэ спортыг хөгжүүлэх гэж амьдралаа зориулсан хүн дээ. Тийм ч учраас би МҮСБХ-ны Ерөнхийлөгчийн ажлыг хүүлээж авсан. Тэгээд дээр өгүүлсэнчлэн, Филиппинд болсон тэр том тэмцээний үеэр монголын сагсчид маань Оросын шигшээ багийг хожих мөчид үнэхээр их баярлаж билээ. “Аав маань үүнийг тэнгэрээс харж байгаа байх, аавынхаа хүслийг биелүүллээ дээ” гэж бодсон.

-Та чөлөөт цагаараа “бөмбөг шиддэг” үү?

-Өө, хааяа шиднэ (инээв).

-Хэр сайн тоглогч вэ?

-Дунд сургуульд байхдаа Хөдөлмөр нийгэмлэгийн шигшээ багт тоглож байлаа. Сургуулийнхаа шигшээ багт бас тоглодог байсан. Бидний үед чөлөөт цагаараа спортоос өөр хийгээд байх зүйл байсангүй. Одоогийнх шиг интернэт, гар утас, телевиз гээд үзэх харах зүйл элбэг дэлбэг ч байсангүй дээ. Би л гэхэд хөл бөмбөгийн секцэнд явж үзсэн. Бокс, бөх гээд л сонирхоогүй спорт бараг байхгүй дээ. Сагс, хоккей ч тоглодог байсан.

Сүүлдээ дугуйн спортоор 15-16 жил хичээллэсэн. Харин сагсан бөмбөгийн спортын хувьд, “Аавынхаа хүсч, бодож амьдралаа зориулсан энэ спортыг тодорхой хэмжээнд хөгжүүлчих юм сан” гэж бодож л анх энэ холбоог байгуулж ажилласан даа. Энэ маань өнөөдөр тодорхой ажмилтад хүрчихлээ. Манай эрэгтэй тамирчид сүүлийн гурван жилд дэлхийн 180 гаруй орноос ранкаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Эхний таваас доошоо орохгүй байгаа шүү. Эмэгтэй тамирчдын маань ур чадвар ч сүүлийн үед маш их өссөн. Сүүлийн жилүүдэд ялангуяа манай эмэгтэй тамирчдын эрэмбэ 13, 14-т байна. Энэ бол манай улсын хувьд маш том амжилт. Сагсан бөмбөг бол бүх спортын суурь нь гэж би боддог.

Яагаад гэхээр, бөх барилдаг ч бай, бокс тоглодог ч бай, гимнастикаар хичээллэдэг ч бай бүх тамирчин бие халаалт хийхдээ заавал сагс тоглодог. Сагс тоглож байхад оролцохгүй, хөдлөхгүй эрхтэн гэж байдаггүй. Маш богино хугацаанд бие халдаг. Маш богино хугацаанд хурд, авхаалж самбаагаа сорьдог гэдэг утгаараа сагс тоглодоггүй спортын хүн гэж байхгүй шүү дээ. Хоёрдугаарт, хүүхэд залуучууд энэ спортыг их сонирхдог. Манай МҮСБХ-ноос Үндэсний лигийн тэмцээнийг 21 аймгийн хэмжээнд гурав дахь жилдээ зохион байгуулсан. Бүтэн 5-6 сар хэртэй үргэлжилсэн тэмцээнийхээ хаалтыг хэдхэн хоногийн өмнө хийлээ. Энэ спорт цаашдаа монголд хөгжих бүрэн боломжтой.

-Монголын сагсчдыг ойрын хугацаанд олон улсын ямар томоохон тэмцээн хүлээж байгаа бол?

-Манай тамирчид Токиогийн олимпын эрх авахаар бэлтгэл хийж байна. Одоогоор оноо цуглуулах, болзол хангах тал дээр маш амжилттай байгаа. Ирэх намар гэхэд 2020 оны Токиогийн олимпод орох эрхээ авч чадах юм бол монголын багийн спортод маш том, цоо шинэ, спортын салхийг хагалсан үйл явдал болно. Мэдээж, олимпод оролцож байгаа юм чинь унана гэж “барилдахгүй”. Нэгэнт олимпод оролцох эрхээ авчихвал ямар нэгэн байдлаар медальтай байранд орохын төлөө л зүтгэнэ.

-МҮСБХ-ноос сагсан бөмбөгийн “Супер цом” тэмцээнийг зохион байгуулдаг болоод дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Энэ тэмцээний ач холбогдол, зорилго юунд байдаг вэ?

-Солонгост 30 мянга гаруй монгол хүн ажиллаж байна. Зарим үед энэ тоо 50 мянга дөхсөн нь ч бий. Залуучууд голдуу байдаг. Тэд спортыг, тэр дотроо сагсан бөмбөгийн спортыг маш их сонирхдог. Манай хүүхэд залуучуудын дийлэнх нь сагсан бөмбөгийн спортод дуртай. Тэр утгаараа Солонгост ажиллаж, амьдарч, сурч байгаа монгол залуучуудынхаа дунд энэ спортыг хөгжүүлэхээр миний бие анх санаачлага гаргаж энэ ажлыг эхлүүлсэн. Энэ сарын 13, 14-нд болох энэ тэмцээнд нийт 36 баг оролцож байгаа. Анх арваад баг оролцдог байснаа дараа жилээс нь 20 гаруй баг болсон. Ингээд жил бүр оролцогчдын тоо өсч, хүрээгээ тэлж байна.

-Маш олон монголчууд хоёр өдрийн турш элэг нэгтнүүдээрээ цугладаг юм байна. Их сайхан уур амьсгал бүрддэг байх, тийм үү?

-Тэнд төрийн дуулал эгшиглэнэ, монголын туг далбаагаар чимэглэнэ. МҮСБХ-ноос мэргэжлийн шүүгчид очиж тэмцээнийг шүүдэг. Тэмцээн болж байгаа хугацаанд тэдэнд нэг хэсэгтээ л эх орондоо байгаа юм шиг уур амьсгал бүрдчихдэг. Монголчууд цуглахаараа амьдрал ахуйгаа ярина. Болж бүтэж байгаа болоод болохгүй байгаагаа ч хоорондоо ярина шүү дээ. Нэг талаасаа маш том цугларалт болдог. Нөгөө талаас энэ тэмцээн сагсан бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх чиглэлд том хувь нэмэр болж байгаа. Оролцогчийн тоо жил ирэх тусам өсч байна. Уралдаан тэмцээний шаардлага, чанар ч гэсэн тодорхой түвшинд ахиж байна. Энэ бол маш том үзүүлэлт.

-Солонгост зохиох тэмцээний үеэр нутаг нэгтнүүд уулзсаных, жаргал, зовлонгоо ярьцгаадаг л байх. Голчлон ямар асуудлыг хөндөж ярьж байна?

-Тэмцээн, уралдаан учраас өөр асуудлын талаар нэг их дэлгэрэнгүй яриад байх боломж гардаггүй л дээ. Тэмцээндээ төвлөрчихдөг учраас. Яах вэ, ажил амьдрал ямар байгаа талаараа тав, арван үг солиод л зөрдөг. Солонгост ажиллаж байгаа монголчуудын хувьд гэр орноосоо хол, эхнэр хүүхэд, нөхөр хүүхдээ санасан хүн л олон байдаг даа. Энэ бол гэр бүлийн хувьд нэг тийм таатай зүйл биш л дээ. Төрөөс энэ тал дээр цаашдаа анхаарах ёстой. Ядаж албан ёсоор ажиллаж байгаа хүмүүстээ жилдээ нэг удаа эх орондоо ирж гэрийнхэнтэйгээ уулзах нөхцөл бололцоогоор хангах гэх мэтээр хүмүүсийн гэр бүлийн уур амьсгал эерэг байх тэр боломжуудыг бүрдүүлэх хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол доод тал нь 3-4 жил, дээд тал нь 10-20 жилээр гэрийнхэнтэйгээ уулзаагүй хүмүүс байна шүү дээ. Тэр олон жил болоод ирэхээр хүн чинь сүүлдээ гэр бүлээсээ төсөөрнө, мартана, хөндийрнө. Түүнээс болоод гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй болно. Ялангуяа хүүхдийн хүмүүжилд маш сөрөг нөлөөтэй шүү дээ. Аав нь эсвэл ээж нь байхгүй болохоор хүүхэд яах юм? Тэндээс хэчнээн их мөнгө, гоё хувцас, гар утас явууллаа гээд дэргэд нь байхдаа үзүүлдэг тэр халамж, хайрыг нөхөхгүй. Ийм зовлонгууд ярьдаг даа. Миний хувьд аль болохоор үүнд нь анхаарахыг эрмэлздэг. Тэр ч утгаараа хэд, хэдэн хуулийн төсөл санаачилж, боловсруулж байсан.

-Солонгост ажилладаг иргэд нийгмийн даатгал төлдөг болох тэр ажлыг таныг хийсэн гэдэг шүү дээ?

-Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхдаа би Солонгост ажиллаж байгаа монголчуудын тухайн орны тэтгэвэр, ниймийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулах талаар маш их хөөцөлдөж ажилласан. Үр дүнд ч хүрсэн. Одоо Солонгост гэрээгээр буюу албан ёсоор ажиллаж байгаа хүмүүс энд ажиллаж байгаа хүмүүстэй яг адилаар нийгмийн даатгалаа тооцуулдаг болсон. Тухайн үед Солонгост ажиллаж байсан монгол ажилчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг буцаан олгуулах асуудлыг хоёр жил гаран хөөцөлдөж байж тэр үеийн төгрөгийн ханшаар 14 тэрбум орчим төгрөгтэй тэнцэх хэмээний мөнгийг оруулж ирж байлаа. 2003-2007 онд Солонгост ажиллаж байсан монгол ажилчдад тэтгэврийн даатгалын шимтгэлийн мөнгийг буцааж олгуулж байсан. Олон ажил хийсэн. Солонгост нийгмийн даатгалын оффисыг албан ёсоор байгуулсан. Одоо тэнд манай төлөөлөгчийн төв ажилладаг юм шүү дээ. Тэд монгол ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нааш нь шилжүүлэх, гуйвуулах, Солонгосын тэтгэврийн даатгалд татагдсан мөнгийг буцаан олгуулах гэх мэт олон ажлыг хийж байна. Түүний хажуугаар цалин хөлсөө авч чадахгүй байгаа, ажил олгогч нар нь янз бүрийн хэлбэрээр дарамтлаад байгаа ажилчдын эрх ашгийг хамгаалах гэх мэтээр олон үйлчилгээ үзүүлж ажилладаг. Үр дүнтэй, монголчууд маань ч ам сайтай байсан. Одоо чухам ямар ажиллаж байгааг нь хэлж мэдэхгүй байна.