Д.Сарангэрэл: Капитал банкнаас ЭМД-ын сангийн мөнгөө авна
2019.04.18

Д.Сарангэрэл: Капитал банкнаас ЭМД-ын сангийн мөнгөө авна

Капитал банкийг татан буулгаж, энэ сарын 8-наас үйл ажиллагааг нь зогсоосон билээ. Тус банкинд иргэдийн хадгаламжаас гадна улсын төсвийн 340 тэрбум төгрөг байршиж байсан.

Үүний 134.8 тэрбум төгрөг нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө юм. Анх 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд тус сангийн 12.9 тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулж, 2012-2016 онд нийтдээ 134.8 тэрбум төгрөгийг “хадгалуулжээ”.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, Капитал банкны эрх хүлээн авагчаас энэ мөнгийг нэхэмжлэх гэж байгаа тухайгаа ЭМЯ-ын сайд Д.Сарангэрэл мэдэгдэж байсан юм. Энэ тухай өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин мэдээллээ.

Тэрээр хэлэхдээ, “Капитал банкнаас эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөгөө нэхэмжилж авна. Энэ хөрөнгө бол Монголын ард түмэн эрүүл мэнддээ эрсдэл учирсан үед санхүүгийн дэмжлэг авах гэж төлсөн мөнгө. Энэ бол төсвийн мөнгө биш монгол хүн бүрийн халааснаас гарсан мөнгө. Тиймээс энэ мөнгө эрүүл мэндийн даатгалын санд байрших ёстой” гэв.