“Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэхийг уриаллаа
2019.04.26

“Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэхийг уриаллаа

МҮЭ-ийн холбооноос ХЭМАБ-н Удирдлагын тогтолцоо ISO 45001:2018 стандартыг ажлын байр бүрт нэвтрүүлэх, “Ослыг тэглэх алсын хараа” дэлхийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалах, Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ өнөөдөр /2019.04.26/ МҮЭСТО-нд боллоо.

Зөвлөгөөний үйл ажиллагааг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нээж үг хэлэхдээ:

Ажилтнууд эрүүл, аюулгүй ажлын байранд ажиллах ёстойг ойлгуулах, ойлгох цаг хэдий нь болсон. Аливаа осол тодорхой шалтгааны улмаас гарсан байдаг. Тэрхүү шалтгааныг үндэсний, салбар, аж ахуйн нэгж, байгууллага гэсэн бүхий л түвшинд урьдчилан сэргийлэх идэвхитэй үйл ажиллагааны хүрээнд арилгаж чадвал осол, өвчлөлийг бууруулах бус тэглэх боломжтой. Манай улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, үндэсний хөтөлбөр, сургалтын байгууллагууд нь байсаар атал осол, мэргэжлийн өвчлөл яагаад буурахгүй байна вэ. Өдөр тутам зохион байгуулах асуудалд хариуцлагагүй хандаж байгаагаас энэ бүхэн үүдэлтэй. Үүнийг засаж залруулахын төлөө бүх шатандаа анхаарах ёстой гэлээ.

Уг арга хэмжээнд МҮЭ-ийн холбооны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн хамт олон, оюутан сурагчид, Мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо, МХЕГ, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд оролцсон юм.

ХЭМАБ-н Удирдлагын тогтолцоо ISO 45001:2018 стандартыг хэрхэн нэвтрүүлэх талаар доктор С.Давааням сургалт хийн, оролцогчдын асуултад хариулсан ба МҮЭ-ийн холбооноос Засгийн газар, мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэгч төрийн байгууллага, ажил олгогч эзэд, нийт ажилтнуудад хандан гаргасан уриалгыг танилцуулснаар өндөрлөлөө.