Б.Ганхуяг: Сайжруулсан түлш нэвтрүүлснээр хотын утаа 50-60 хувь буурна гэдгийг баталгаатай хэлж чадна
2019.04.29

Б.Ганхуяг: Сайжруулсан түлш нэвтрүүлснээр хотын утаа 50-60 хувь буурна гэдгийг баталгаатай хэлж чадна

"Эрдэнэс-тавантолгой” ХК-иас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийж, 2019 оны эхний улирлын үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө.

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 4,2 сая тонн нүүрс олборлож, ,4 сая тонн нүүрс экспортолж, улсын төсөвт 193,5 тэрбум төгрөг бүрдүүлж 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Ерөнхий тоон дүнгээр нь авч үзвэл ЭТТ компани улсын эдийн засагт 1,16 их наяд төгрөгийн хувь нэмэр оруулж, ДНБ-ний болон төсвийн татварын орлогын 6 хувийг дангаараа бүрдүүлжээ.

Иргэдээс хувьцааны ногдол ашгаа бэлээр авах уу эсвэл хөрөнгө оруулалт болгож том төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх үү гэдэг санал асуулгыг өөрийн сайтаар авсан. Нийт 4000 гаруй иргэн оролцож 68 хувь нь дотоодын төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх нь зөв гэж хариулсан байна. Ингэж хөрөнгө оруулалт хийснээр дараагийн удаа нэг иргэнд очих ногдол ашиг өснө гэж үзжээ. Тиймээс Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн ТУЗ-өөс 2018 оны цэвэр ашгаар дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд, тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийн анхны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхтэй холбоотойгоор компани төсөвтөө тодотгол хийж, оффисын барилга, автомашин, компьютер тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хөрөнгө оруулалтын зардлуудаа 400 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэрийг гаргажээ.

Харин 5 сарын 15-наас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх тухай асуудлаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг “Нийслэлээс Эрдэнэс Монгол компанийн охин компани болох Таван толгой түлш ХХК-ыг дэмжин ажиллаж байгаа. Тус компанийн гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах зорилготой. 5 сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс биш Таван толгой түлш ХХК-ын сайжруулсан шахмал түлш нийлүүлнэ. Жилд 600 мянган тонн нүүрс нийлүүлэхээр тооцсон боловч эрсдэл тооцож 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр болсон. Энэ сайжруулсан түлшийг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын утаа 50-60 хувь багасна. Эхний 10-15 минутад л утаа гарах бөгөөд хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй гэдгийг 24 төрлийн шинжилгээний үндсэн дээр баталсан.” гэлээ