Б.Ганхуяг: Тавантолгойн 2018 оны ашгаас иргэдэд ногдол ашиг тараахгүй
2019.04.29

Б.Ганхуяг: Тавантолгойн 2018 оны ашгаас иргэдэд ногдол ашиг тараахгүй

Эрдэнэс Тавантолгойн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ.

Тэрээр “Маргааш манай хувьцаа эзэмшигчдийн хурал болно. 2018 онд манай компани 11 сая тонн нүүрс олборлосон. 1.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаад 807.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2018 оны үйл ажиллагааны үр дүнд багагүй амжилт гаргасан. Монгол Улсын ДНБ болон төсвийн орлогын зургаан хувийг "Эрдэнэс-Тавантолгой" дангаараа бүрдүүлсэн. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 4.2 сая тонн нүүрс олборлож, 741 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг бүрдүүлсэн. 304 тэрбум төгрөгийг цэвэр ашигтай ажилласан. 2019 онд компанийн ТУЗ-өөс төлөвлөгөө баталж өгсөн. Нэгдүгээр улирлын байдлаар төлөвлөгөөгөө 21-25 хувиар давуулан биелүүлсэн. 2019 онд гурван том зорилтыг хангах удирдамж гаргасан. Нэгд, олон улсын зах зээлд дээр компанийн 30 хүртэлх хувьд IPO гаргах үүрэг өгсөн.  Хоёр, дэд бүтцийн томоохон төслүүдээ санхүүжүүлэх, хөдөлгөх. Гуравт, олборлолт, экспортыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх чиглэл өгсөн. Олон улсын зах зээлд дээр компанийн 30 хүртэлх хувьд IPO гаргах ажлын хүрээнд найман зөвлөх ажиллуулж байгаа. Компани өөрөө бүрдүүлж өгөх хэд хэдэн ажил байдаг.  1072 хувьцаа мэдээллийн төвийг ажиллуулж, иргэдэд нээлттэй мэдээлэл өгч байгаа. Байгуулагдсанаас хойш хоёр сая гаруй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна.

Компанийн ТУЗ-өөс 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтад тодотгол хийсэн. 2019 онд 480 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөсөн байсан бол 397 тэрбум төгрөгийг хасч 83 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон. Мөн олон улсын зөвлөх үйлчилгээнд зарцуулах байсан 200 гаруй тэрбумыг хассан. Ингээд 600 гаруй тэрбум төгрөгөөр дэд бүтцийн томоохон төслүүдээ санхүүжүүлэхээр болсон. Тавантолгой компани 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй. Иргэдээс төрөл бүрийн санал, гомдол ирдэг. Эдгээр саналыг ч харгалзан үзсэн.

УИХ, Засгийн газраас бидэнд чиглэл өгсөн. Чиглэлийн хүрээнд компанийн зорилт ч гарсан. Таван чиглэлээр төслүүдээ санхүүжүүлнэ. Нэгд, уурхайн олборлолтын хүчин чадлыг бүрэн ашиглана. Одоо жилд 15 сая тонн нүүрс олборлож байна. Үүнийгээ 35 сая тоннд хүргэнэ. Хоёрт, нүүрс боловсруулах үйлдвэр барина. Энэ нь усан хангамжтайгаа уялдан явна. Жилд 30 сая тонн нүүрс боловсруулна. Гуравт, төмөр зам авто замтай болно. Одоогоор 18 сая тоннын хүчин чадалтай Гашуунсухайт хүртэл авто замаар тээвэрлэж байгаа. Үүнийгээ 60 сая тонн болгон нэмэгдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Хангимандал, Тавантолгой Гашуунсухайт гэсэн дөрвөн чиглэлийн төмөр зам хөрөнгө оруулалт хийснээр 60 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой. Дөрөвт, хими технологийн үйлдвэр. Энэ үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Манай эрчим хүчний нүүрс 2019 оноос их хэмжээгээр гарч байгаа. 1.3 сая тонн эрчим хүчний нүүрс агуулахад байгаа. Эрчим хүчний нүүрсийг боловсруулахад 70 гаруй төрлийн эцсийн болон завсрын бүтээгдэхүүн гардаг. Цахилгаан станцын асуудал мөн бий. Энэ таван төслийн хүрээнд ажлаа хийснээр борлуулалтын орлого 2.1 тэрбум ам.доллар хүрнэ. Ногдол ашигт 800 сая ам.доллар төвлөрүүлнэ гэсэн төлөвлөгөө гарсан. 5-10 мянган хүний хот байгуулах ажил эхэлнэ.

2019 онд олон улсын зах зээлд дээр компанийн 30 хувийг IPO болгон гаргана. Эхний хөрөнгө оруулалтыг компани өөрөө хийнэ. Хоёрт, дунд болон эцсийн шатны хөрөнгө оруулалтыг компаниудтай хамтран босгоно. Сүүлийн шатны хөрөнгө оруулалт цэвэр бизнесийн буюу өсөн нэмэгдэх хөрөнгө оруулалт байдаг учраас бизнесийн салбарынхан дэмжиж ажиллах боломжтой.

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Иргэдэд ногдол ашиг олгохгүй төмөр замдаа хөрөнгө оруулалт хийж болохгүй юм уу. Хэрвээ төмөр замаа ашиглалтад оруулбал таны хэлж байгаагаас хэд дахин илүү ашиг олох боломж бүрдэх юм уу?

-Засгийн газраас энэ талаар хэд хэдэн шийдвэр гаргасан. ТУЗ-өөс 2018 оны цэвэр ашиг буюу хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн томоохон төслүүдээ санхүүжүүл гэсэн шийдвэр гаргасан. Үүний хүрээнд нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. Хөрөнгө оруулалтын төсвөө танаад нэмэлт санхүүжилтэд 700 орчим тэрбум төгрөгийг гаргасан. Энэ мөнгөөр Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг санхүүжүүлнэ. Кокс химийн үйлдвэр байгуулагдах юм. Одоо байгаа газар дээр усны асуудал тулгамдаад байгаа. Ногдол ашиг хуваарилахгүй, томоохон дэд бүтцийн төслүүдээ хөрөнгө оруулахаар шийдсэн.

-Төсвөө танаж 700 орчим тэрбум төгрөгийг танасан гэж байна. Тансаг хэрэглээгээ танасан гэж ойлгож болох уу?

-Тансаг гэж хэлэхэд хэцүү юм. Манай  компанийн байр түрээсийн байр. 6.8 тэрбум төгрөг энэ байранд өгсөн. Ер нь тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа стратегийн тэр дундаа төрийн компаниуд хотынхоо А цэгт хамгийн өндөр барилгуудтай байдаг. Ялангуяа уул уурхайн компаниуд. Тавантолгой Монголдоо байж л байна. Түрээсийн байранд байгаад байна гэдэг хэцүү л дээ. Тиймээс дараа дараагийн үр ашиг нэмэгдээд ирэхээр энэ компани зайлшгүй өөрийн гэсэн байртай болох ёстой. Үүнийг тансаг хэрэглээ гэж битгий ойлгоорой. 302 тэрбум төгрөг борлуулалт маркетингийн зардал гэж байгаа. Үүний 95 хувь нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр шүү. 10 хувь, мөн гаалийн татвар хураамж байгаа.

-Сайжруулсан түлш боловсруулах ажил ямар шатандаа явж байна вэ. Энэ өвөл Улаанбаатарын айл өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангаж чадах уу?

-Тавантолгой түлш компанийг санхүүжүүлж ажиллаж байгаа. Жилд 800 мянган тонн түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хот руу Тавантолгойгоос нүүрс зөөгдөж байгаа. Тавдугаар сарын 15-наас боловсруулсан түлш борлуулагдана. Ажил 90 орчим хувьтай явж байгаа. Би баталгаатай нэг зүйлийг хэлж чадна. Утаагүй түлш нийлүүлэгдсэнээр Улаанбаатар хотын утаа 50-60 хувь багасна. Өмнөх түлшүүдтэй харьцуулах юм байхгүй. Тавантолгойн нүүрс маш өндөр зэрэглэлийн хатуу коксжих чанартай нүүрс. Утаа маш бага. Эхний 10-15 минутад утаа гарна. Түүнээс хойш ямар ч утаа гарахгүй. Мөн хүний биед хоргүй. Үүнийг 24 төрлийн шинжилгээгээр тогтоосон юм билээ. Өндөр чанарын шаардлага хангасан түлш. Улаанбаатарын айл өрхийг бүрэн хангаж чадна.

-Иргэдэд ногдол ашиг олгоно гэж шийдвэр өмнө нь гарч байсан. Энэ шийдвэрээсээ буцсан гэсэн үг үү?

-Энэ бол ТУЗ-ийн эрхийн хүрээнд шийдэх асуудал буюу компанийн 85 хувийг эзэмшигчийн шийдвэрлэх асуудал. Хувьцаа эзэмшигч эхлээд биднийг иргэдээсээ хөрөнгө оруулалтаа хийх үү, эсвэл бэлнээр авах уу гэдгийг асуу гэсэн. Үүний дагуу Тавантолгой компанийн вэб сайтаар асуулга явсан. Асуулгад 4000 гаруй иргэн оролцож, 68 хувь нь хөрөнгө оруулалтаа хий гэсэн. Ингэж байж одоогийн хөрөнгө оруулалтаа хийвэл дараачийн жилдээ ашиг нэмэгдэнэ гэж үзсэн. Ямар ч байсан компанийг дагасан дэд бүтцийн анхны хөрөнгө оруулалтыг компани хийхээр шийдвэрлэсэн.

-Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих уу?

-Гашуунсухтай төмөр замд 7.7 тэрбумын санхүүжүүлт хийнэ. Гүйцэтгэл нь 70 хувьтай байгаа. Үүнийг аудитлах, цаашилбал олон улсын аудитын байгууллагад хүлээн зөвшөөрүүлэх ажлыг зохион байгуулна. Ингээд барилгын ажлыг оптек гэрээ байгуулах замаар Тавантолгой-Гашуунсухайтын төмөр оптек гэрээгээр өгөхөөр болсон. Гашуунсухайт дээр “Тавантолгой төмөр зам” гээд компани байгуулаад явж байгаа. Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Монголын төмөр зам компани хариуцаад явна.