Б.Дэлгэрсайхан 2019.05.06 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийн Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ажлын албаныхаа хамт орон нутгийнхаа 14 сумаар тойрч, ард иргэдтэй уулзалт хийх үеэр эмнэлгийн ажилчдын ёс зүйн талаар удаа дараа гомдол, санал ирж байжээ. Иргэдээс ирсэн санал, гомдол, хүсэлтийг эмч болон эмнэлгийн ажилчдад дамжуулах үүргийнхээ дагуу иргэдийнхээ дуу хоолой болж ийнхүү уулзалт хийсэн байна. 

Тэрээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд сайжруулах ёстой ямар ажлууд байгаа талаар энэхүү хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-тай хамтран 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Эмнэлгийн ажилчдын дунд үүсээд буй хүнд суртал, дарамт, намчирхал, тэр дундаа УИХ-ын гишүүний нэрийг барьж ажлаас халдаг тухай мэдээлэл бий. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өөрийн хамаатан садан, ах дүү эмнэлгийн салбарт ажилладаггүй гэдгийг уулзалтын үеэр мэдэгдлээ.

Эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудал хүнд, цалин хөлс бага, орон нутгийн эмнэлгийн орон тооны асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай.

Тоног төхөөрөмжөө шинэчлэх, орчноо сайжруулах, материаллаг асуудлаа шийдвэрлэж болно. Харин Эмнэлэгт өвчтэй, шаналсан, зовсон хүмүүс очиж үйлчлүүлдэг тул эмч нар хүнлэг, ёс зүйтэй, хариуцлагатай, ёс зүйн хэмжээг мөрдөж, харилцаа хандлагаа сайжруулахад анхаарахад чухал гэдгийг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд түргэн тусламжийн машин, мэс заслын тасгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, төрөх эмнэлгийн халуун усны асуудлыг шийдвэрлэхээр болж шаардлагатай тооцоо судалгааг хийхээр боллоо.