Н.Амарзаяа 2019.05.23 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, ногдол ашиг хуваарилалт зэрэг асуудлуудаар" тавьсан асуулгын хариу

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, ногдол ашиг хуваарилалт зэрэг асуудлуудаар" тавьсан асуулгын хариу

Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, санхүүжилт босголт, ногдол ашиг хуваарилалт, тусгай зөвшөөрөл зэрэг асуудлуудаар" тавьсан асуулгын хариу

Асуулга 1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зарим үйл ажиллагааны талаар:

1.1.Иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг тараах талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг олон хүмүүс удаа дараа мэдэгдэл хийсэн. Хэрэв ноогдол ашиг тараахаар ашигтай ажиллаж байгаа бол заавал санхүүжилт босгож, IPO гаргах шаардлагатай эсэх. Компанийн тухай хуульд заасны дагуу энэ шийдвэрийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл гаргах ёстой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс ногдол ашиг тараах ямар шийдвэр гарсан талаар:

Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооны 2010 оны 425 дугаар тогтоол, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2010 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг байгуулсан бөгөөд тус компани нь өнөөдөр төрийн өмч давамгайлсан хаалттай хувьцаат компани хэлбэрээр Ҳолбогдох байгууллагад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байна.

Асуулга 2. Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын 1 дэх зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах талаар:

“Эрдэнэст-Тавантолгой” ХК-ийн нэг бүр нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12,000,000,000 ширхэг хувьцааг үнэт цаасны хадгаламжийн төвд бүртгүүлж, үнэт цаасны хадгаламжийн гэрээг байгуулах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр авсан.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь дээрх зөвшөөрлийг авах асуудлаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хандсан боловч тус Хорооны зүгээс ямар нэгэн хариу өгөхгүй байсаар 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэсэн нь үнэт цаасны бүртгэлийг хууль зүйн хувьд баталгаажуулах, бүртгэлийг ямар нэгэн зөрүүгүй тулган тогтоох, хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэх ажиллагааг цаг хугацааны хувьд нилээд хойш нь татсан асуудал бий. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газарт хувьцаа эзэмшигч иргэдийн хувьцааны эзэмшилтэй холбоотой маргаан зөрчил байгаа бөгөөд энэ зөрчлийг даруй арилгах шаардлагатай байна.