Б.Ганхуяг: 1072 хувьцаа эзэмшигчид хохирохгүй
2019.05.10

Б.Ганхуяг: 1072 хувьцаа эзэмшигчид хохирохгүй

"1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо" төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр /2019.05.09/ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн  гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүстэй  уулзалт хийлээ. Тус ТББ-ын зүгээс 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг өгөхгүй,  уг мөнгийг Зүүн Баянгийн төмөр замын хөрөнгө оруулалтад зарцуулах шийдвэрийг Засгийн газар  гаргасанд бухимдалтай байгаа гэдгийг өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан юм. Улмаар ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр тараахыг шаардаж буй.


НЭГ ШИРХЭГ  ХУВЬЦААНД 84 ТӨГРӨГ, 1072 ХУВЬЦААТАЙ ИРГЭНД 90 МЯНГАН ТӨГРӨГ НОГДОЛ АШГААР ОЧИХ ЁСТОЙ

Мэдээллийн эхэнд  эдийн засагч Л.Наранбаатар дараах  шаардлагыг "Эрдэнэс таван толгой” ХК-ийн удирдлагуудад уншиж танилцууллаа. Тус шаардлагад дурдсанаар “Эрдэнэс таван толгой ХК үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 50 сая тонн нүүрс борлуулсан хэдээ ч  өнөөг хүртэл иргэдэд ногдол ашиг олгоогүй нь  олон нийтийн бухимдлыг хүргэж байна.

Сүүлийн хоёр жил тус компани 1.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Эрдэнэс Тавантолгой нь сүүлийн хоёр жилд 1.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Нэг ширхэг  хувьцаанд 84 төгрөг, 1072 хувьцаатай иргэнд 90 мянган төгрөг ногдол ашгаар очих ёстой. Жишээ нь дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон ээжид багадаа 450 мянган төгрөг гар дээр нь очиж, амьдралд нь бага ч гэсэн дэм болох юм.

Гэтэл энэ ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдээсээ асуулгүй ТЭЗҮ судалгаагүй, үр ашгаа хэзээ өгөх нь тодорхойгүй Зүүн Баянгийн гэх 414 км төмөр замын шороон даланд зарцуулахаар дур мэдэн булааж авч байгааг бид хувьцаа эзэмшигчдийн хуулиар олгосон үндсэн эрхэд халдсан балмад үйлдэл гэж харж байна” гэжээ.

1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ХОХИРОХГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ МӨНГИЙГ "ДЭЭРЭМДЭЖ" АВАХГҮЙ

Харин үүнд “Эрдэнэс таван толгой ХК-ийн  гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дараах хариултыг өгсөн юм. Тэрбээр “Аливаа зүйл хоёр талтай. Нэг талын мэдээллийг 100 хувь  үнэн гэж ойлгож болохгүй. Зарим нэг тоо баримт зөрөөтэй байна. Юуны түрүүнд ямар нэгэн байдлаар хамтарч ажиллахад бэлэн байна. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал болсон. Засгийн газраас 2019 оныг их бүтээн байгуулалтын төсөл хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх жил болгож зарласан.  Зүүн баян болон Тавантолгой Гашуунсухайт гэсэн  хтөмөр замын хоёр том төсөл байна. Энэ хоёр төслийг компани санхүүжүүлэх үүрэг хүлээж байгаа.

Хэрэв төмөр замын төсөл батлагдвал компанийн ашиг 2.5- 3.7 хувь  орчмоор өснө гэсэн тооцоолол бий. Компани бүтээн байгуулалтын ажилд илүү анхаарч энэ удаа олсон орлого төсвөө бүтээн байгуулалтад зарцуулах нь зөв гэж шийдсэн. 1072 хувьцаа дээр Засгийн газар онцгойлон анхаарч байгаа. 750 тэрбум төгрөг төмөр замын төслүүд рүү орно. Тэрхүү мөнгөний тодорхой хувь нь 14.6 хувь нь иргэдийн өмч.

Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төсөл дээр иргэд хувьцаа эзэмшиж болно. 1072 хувьцаатай холбоотой асуудал бол 85 хувийг нь эзэмшиж байгаа Монгол Улсын Засгийн газрын өөрийнх нь анхаарал тавьж байгаа асуудал. Үүнд  хамтраад тооцоо судалгаа хийгээд ажиллая. 1072 хувьцаа эзэмшигчид хохирохгүй. Засгийн газар энэ мөнгийг дээрэмдэж авахгүй. Харин хамтарч ажиллаж  байна” гэв. Хоёр талын хамтарсан ажлын хэсэг нэг цаг гаруй ярилцсаны эцэст  санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар боллоо.

Э.БУРАМ