С.Чинзориг: “Найрамдал” зуслан зөвхөн хүүхдэд үйлчилнэ
2019.05.30

С.Чинзориг: “Найрамдал” зуслан зөвхөн хүүхдэд үйлчилнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан болон хүүхдийн тэтгэмжтэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг гаргав. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа. 
-Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслантай холбоотой асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ? 
-Засгийн газрын хуралдаанаар хүүхэдтэй холбоотой гурван багц асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, “Найрамдал” зуслангийн талаар авах арга хэмжээний талаарх Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж шийдвэрлүүллээ. “Найрамдал” зуслан 1978 онд байгуулагдсан Монголд үйл ажиллагаа явуулж буй цорын ганц хүүхдийн томоохон зуслангийн нэг. Тиймээс төсөвт улсын үйлдвэрийн газар гэсэн статустайгаар ажиллуулахаар болголоо. 2015 онд Засгийн газрын тогтоол гарч “Найрамдал” зусланг аж ахуйн тооцоон дээр ажиллуулах шийдвэр гаргаж байсан. Үүнээс хойш жилд 2.5-3 тэрбум төгрөгийн орлого олж, 500 орчим сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг төсвөөс авдаг байсан. Үүнээс харахад хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанаас гажиж байгаа асуудал бий.

Орлого олохын тулд томоохон арга хэмжээ зохион байгуулдгаас хүүхдийн эрүүл аюулгүй байдал алдагдаж, архи согтууруулах ундаагаар үйлчилж хууль бус үйл ажиллагаа явуулах тохиолдол их байна. Ингэснээр “Найрамдал” зусланд насанд хүрэгчдийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, зөвхөн хүүхдэд үйлчлэх үүрэг чиглэл өгнө. 

-“Найрамдал” зуслангийн газрын асуудалтай холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ? 
-Анх байгуулагдаж байх үед Хотын захиргааны шийдвэрээр 5200 орчим га эдэлбэр газар эзэмших гэрчилгээ олгож байсан. 1996 онд энэ хэмжээ өөрчлөгдөж, 2200 орчим га болсон. Харин одоогийн байдлаар “Найрамдал” зуслангийн эзэмшил газрын хэмжээ 1200 га болсон. Энэ бүгдэд хууль бус газар олгосон асуудал байгаа эсэхийг судалж Хотын захиргаатай хамтарч шалгалт явуулах чиглэл өгсөн. Зөрчсөн зүйл байвал хүчингүй болгох, цаашлаад кадастрын зургийг шинээр хийх юм. Мөн шинээр газар олгохгүй байх шийдвэр гаргасан. Дулааны шугам сүлжээний өргөтгөл, усан спорт цогцолбортой холбоотой шаардагдах төсвийг 2020 оны төсөвт суулгахаар боллоо. 
-Хүүхэд хамгааллын чиглэлээр Засгийн газар ямар бодлого баримтлах вэ? 
-Засгийн газрын тогтоолоор 2019-2020 оныг хүүхдийн хөгжил нийгмийн хамгааллын жил болгох шийдвэр гаргалаа. Энэ ажлыг Ерөнхий сайдын ахалсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд хариуцуулахаар болсон. Хүүхдийг гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхгүй байх талаас олон ажил зохион байгуулах хүрээнд эцэг эхчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлыг хөндөнө. 

Хүүхдийн хөгжил хамгаалалтай холбоотой хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 2019-2020 оныг хүүхдийн хөгжил нийгмийн хамгааллын жилийн нээлтийн арга хэмжээг хамтатгаж тэмдэглэнэ.

-Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Нийт хэдэн хүүхдэд нэмж олгох тооцоо гаргасан бол? 
-Зургадугаар сарын 1-нээс эхлээд хүсэлт гаргасан өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох шийдвэрийг албан ёсоор гаргалаа. Өнгөрсөн оны төсөвт нийт хүүхдийн 80 хувьд нь буюу 912 мянган хүүхдэд тэтгэмж олгох тогтоол гарсны дагуу шаардагдах хөрөнгийг төсөвт тусгасан. УИХ-ын тогтоолоор цаашид хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч, хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд олгох судалгаа хийж олон улсын байгууллагуудтай зөвшилцөж санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, хэрэгжүүлэх үүргийг Ерөнхий сайдад өгсөн байдаг. Энэ тогтоолын дагуу өнгөрсөн жил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт нийт өрхийн судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхүүдийн судалгаа бэлэн байгаа гэсэн үг. Эндээс харахад нийт хүүхдийн 85 хувь буюу нэг сая хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт өгсөн байдаг. Тэгэхээр өнгөрсөн жил хийсэн өрхийн судалгааг үндэслэж зургадугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө олгож эхэлнэ. Одоо хүүхдийн мөнгө авч байгаа 912 мянган хүүхэд дээр 88 мянган хүүхэд нэмэгдэх юм. Амьжиргааны түвшинг 670 гэсэн босго оноогоор тооцож байгааг хэвээр үлдээхээр Засгийн газраас шийдвэрлэлээ. 
-Хүсэлт  гаргасан хүүхэд бүрт олгохоор санхүүгийн эх үүсвэрт хүндрэл гарах уу? 
-Зургадугаар сарын 1-нээс он дуустал олгоход 12.3 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардана. Үүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан төсвийн багцад багтаах үүрэг өгсөн.Сангийн яамтай тооцоо хийсний үндсэн дээр 12.3 тэрбум төгрөгийг нэмэлт эх үүсвэр, төсвийн тодотгол хийхгүйгээр гаргах боломжтой гэж үзсэн. Цаана нь 150 мянган хүүхэд мөнгөн тэтгэмж авах шаардлагагүй гэсэн судалгаа гарсан.
-Хүүхдийн мөнгө олгоход иргэд харьяа дүүрэгт дахин хүсэлт гаргахгүй гэж ойлгож болох уу?
-Хөдөлмөр, халамж үйлчилгээний газруудад хүсэлт өгөх шаардлагагүй. Өнгөрсөн жилийн наймдугаар сард хийсэн судалгаагаар хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхийн тоо тодорхой болсон. Сая нэг зуун дөчин мянган хүүхдийн мэдээлэл өрхийн амьжиргааны мэдээллийн санд төвлөрсөн гэж хэлж болно. Эндээс 70 оноогоор тооцоод үзэхээр нэг сая хүүхэд мөнгөн тэтгэмж авах эрх үүснэ. Тиймээс шинээр хүсэлт гаргах, судалгаа авах шаардлагагүй.
Цаашид өрхийн амьжиргааны түвшин тооцож буй аргачлалаа боловсронгуй болгох асуудлыг олон улсын байгууллагуудтай ярилцаж байна. Одоогийн 51 асуулгатай судалгааны аргачлал дунд иргэдийн шүүмжлээд байгаа хөргөгч, угаалгын машинтай юу гэсэн асуулт бий. Яг үнэндээ өрхийн амьжиргааны түвшин тогтооход хөргөгч, угаалгын машинтай эсэхээр оноо өгдөггүй юм билээ. Тиймээс цаашид нүсэр судалгаа авдгаа больж энгийн, ойлгомжтой, зардал багатай хялбар болгоход анхаарна. 
C.Уянга