БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жуг Алтан гадас одонгоор шагнав
2019.05.24

БНСУ-ын парламентын гишүүн Ким Ён Жуг Алтан гадас одонгоор шагнав

БНСУ-ын парламентын гишүүн, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд асан хатагтай Ким Ен Жуг Монгол, Солонгос хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын төрийн дээд одон Алтан гадасаар шагнасныг өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө.


 

 Хатагтай Ким Ён Жу Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоогоор дамжуулан Монгол, Солонгосын парламентын харилцаа, шийдвэр гаргах түвшний манлайлагч эмэгтэйчүүдийг чадавхижуулах, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд энэ удаад ч гэсэн НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн урилгаар манай улсад айлчилж байгаа юм.

БНСУ-ын парламентад гурав дахиа сонгогдон ажиллаж буй хатагтай Ким Ен Жугийн тухайд Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа тус улсад хөдөлмөр эрхэлж буй монгол ажилчдын эрх ашгийг хамгаалахад бодлогын томоохон дэмжлэг үзүүлэн ажилласан. Тодруулбал, БНСУ-д ажиллаж буй 40 мянган монгол ажилчин нийгмийн даатгал төлж, эх орондоо эргэж ирсэн хойноо тэтгэвэр тэтгэмж тогтоолгох боломжоор хангаж өгснөөс гадна монгол ажилчдын хөдөлмөр эрхлэлт, аюулгүй байдлыг хангах чиглэлд мөн бодлогын дэмжлэг үзүүлсэн.

Харин энэ удаад тэрээр БНСУ-ын Засгийн газар, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас Монгол Улсад хөдөлмөр үйлчилгээний цахим сүлжээ бүрдүүлэх, дөрвөн жилийн хугацаатай, 3,5 тэрбум вонын хөрөнгө оруулалт бүхий төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлсэнийг Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгөх юм байна.

Хөдөлмөр үйлчилгээний цахим сүлжээг бүрдүүлсэнээр хөдөлмөрийн зах зээл дээрх сул ажлын байр мөн ажил хайж буй иргэдийн мэдээллийн дата бааз бий болж, энэ нь иргэдийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах улмаар улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр үзүүлдэг болохыг дээрх төсөл хэрэгжсэн зарим улс орнуудын жишээн дээрээс харж болно.