"Дэлхийн Монголчууд" хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар" асуулга тавьлаа
Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас ""Дэлхийн Монголчууд" хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар" тавьсан асуулга
Асуулга тавих тухай
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хилийн чанадад байгаа монгол иргэдэд чиглэсэн цогц бодлогыг боловсруулах, Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг баталгаажуулах, монгол хэл, соёл, урлаг, зан заншлыг тээгч улс орнуудын соёлын солилцоо, харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлэхээр баталсан билээ.
Дээрх хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд нийт 88 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 85 ажлыг бүрэн хэрэгжсэн тухай холбогдох тайланд дурдсан байна.
Гэвч хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, гадаадад амьдарч буй монголчуудын тоо, мэдээлэл, статистикийг боловсронгуй болгох, тэднийг эх орондоо эргэн ирж ажил хөдөлмөр эрхлэхийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэй хамтарсан байдлаар дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдүүлэх, Монгол Улсыг гадаадад сурталчлах, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой олон талт үйл ажиллагаанд санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, гадаад улсад ажиллаж байгаа Монголчуудад төрөөс үзүүлдэг нийгмийн халамж үйлчилгээ, даатгалд хамруулах болон бусад хуулиар тогтоосон эрхийг нь эдлүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөвчлөх гэх зэрэг асуудлууд шийдлээ хүлээсээр байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Танд “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хүрэхээр тооцож байгаа үр дүн болон төлөвлөсөн ажлын талаар асуулга тавьж байна.