Хилийн чанадад боловсрол эзэмшсэн шилдэг 100 залууг нэгтгэнэ
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Төрийн ордоны Б танхимд “Хилийн чанад дахь Монголчуудын нийгмийн оролцоо, тэдэнд чиглэсэн төрийн бодлого” сэдэвт олон талт нээлттэй хэлэлцүүлэг явагдлаа. УИХ-ын гишүүн Н.Учрал саяхан УИХ-ын дэргэд “Хилийн чанад дахь Монголчуудыг дэмжих лобби бүлэг” байгуулсанаа зарласан. Уг лобби бүлгийн ажлын хүрээнд уг арга хэмжээг санаачлан Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл, Гадаад төгсөгчдийн нэдсэн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Гадаад харилцааны яамны сайд Д.Цогтбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, БСШУСЯамны төлөөллүүдийн хамтаар чөлөөт бүртгэлээр бүртгэсэн хилийн чанадад суралцаж, хөдөлмөрлөж байгаад эх орондоо ирээд буй иргэд уг арга хэмжээнд оролцож тал бүрээс санал сэтгэгдлээ солилцлоо.
Хэлэлцүүлэг “Хилийн чанададад хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэд”, “Хилийн чанадад суралцаж буй Монгол иргэд” гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд ярилцаж ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн хамгааллын асуудал, суралцаж буй оюутнуудын мэдлэг чадварыг эх орныхоо хөгжилд хэрхэн ашиглах вэ гэдэг асуултын хариултыг эрэлхийлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал THINK MONGOLIA төслийг эхлүүлж байгаагаа зарлалаа. Уг төслийн хүрээнд Хилийн чанадад докторын зэрэг хамгаалсан 100 залуу судлаачдыг цуглуулж зөвлөл байгуулан ажиллах гэнэ. Уг зөвлөл нь УИХ дээр хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжийн төсөл, төрийн зүгээс авч хэрэгжүүлж буй ажил хэрэг дээр судалгаан дээр суурилсан санал зөвлөмж боловсруулан хүргэх судалгааны баг байх юм. Өөрөөр хэлбэл парламентын 2 танхимтай засаглал шиг доод парламентын албан бусаар байгуулж буй хэлбэр юм. Гэхдээ санал дүгнэлт, зөвлөмж нь УИХ-ын дэргэдэх лобби бүлгийн гишүүдээр дамжин шийдвэр гаргах үйл явцад нөлөө үзүүлэх юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ: “Шинэ үеийн, шинжлэх ухаанч үзэлтэй, гадаад улсад амьдрахын зовлон, өндөр босготой сургуулийг төгсөхийн хэцүүг биеэр мэдэрчихсэн, эх орноо үргэлж сэтгэлдээ тээж, эх орон гэх үнэт зүйлийн үнэ цэнийг ойлгож ухамсарласан залуус маань эх орныхоо хөгжлийн төлөө нэгдэж байгаад маш их баярлаж байна. Төрд ийм хэлбэрийн салхи савир оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол төрийн алба нь ч хөгждөггүй, тэмүүлэлгүй, идэвхигүй хар эргүүлэгт орчихоод байна.” гэв.
Шилдэг 100 судлаач залуусын зөвлөл цаашид эх орныхоо хөгжил цэцэглэлт, төрийн зөв бодлогод чамгүй дэмжлэг болж чадна гэдэгт хэлэлцүүлэгт оролцогчид итгэл дүүрэн байлаа.