Узбекистан улсын Ташкент хотод элчин сайдын яам байгуулна
2024.01.12

Узбекистан улсын Ташкент хотод элчин сайдын яам байгуулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.12/ нэгдсэн хуралдаанаар  Узбекистан Улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Төв Азийн бүс нутгийн зах зээлд томоохонд тооцогдох 35 сая гаруй хүн амтай Узбекистан нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг тул Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн эрүүл хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг тухайн бүс нутагт таниулах, эдийн засгийн харилцааг өргөжүүлж худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой улс юм.

Узбекистан нь хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнуудтай харьцуулахад манай хоёр хөрштэй хил залгадаггүй, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бус, бие даасан гадаад бодлого явуулахыг эрхэмлэдэг, тухайн бүс нутагтаа улс төрийн нэр хүндтэй улс. Өнөөдрийн байдлаар тус улсад гадаадын 44 улсын Элчин сайдын яам, 2 Ерөнхий консулын газар, Олон улсын 18 байгууллагын төлөөлөгчийн газар ажиллаж байна. Тус улс нь гадаад бодлогын хүрээнд сүүлийн жилүүдэд бүхий л салбарыг хамарсан өргөн хүрээнд шинэчлэлийг өрнүүлж байна. Тухайлбал, Узбекистан нь 2020 онд Евразийн эдийн засгийн холбоонд ажиглагч статустай болсон, саяхан Дэлхийн худалдааны байгууллагад элсэх хүсэлтээ илэрхийлээд байгаа аж.

Тогтоолын төслийн санаачлагчийн илтгэлийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нэгдсэн хуралдаанд танилцууллаа. 

Тогтоолын төслийг АБГББХ-оор хэлэлцсэн талаарх дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцууллаа.