ОХУ-д ажиллаж амьдарч, сурч буй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа
Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2023.06.21) ОХУ-д ажиллаж амьдарч, сурч байгаа иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нартай хийсэн уузалт хэлэлцээний үр дүнгийн талаар болон Монгол Улсын Их Хурал ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны комисс байгуулагдсан тухай мэдээллээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт болон Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлж байгаа эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулсан. Тэрбээр хэлсэн үгэндээ, Хүн ам, газар нутаг, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангах явдал нь төлөөллийн ардчиллын үндсэн зарчим болохыг тэмдэглээд, өргөн уудам газар нутаг, цөөн хүн амтай улсын хувьд нийгмийн бүлгүүдийн төлөөлөл болон гадаадад оршин суугаа иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн хангах асуудлыг анхаарах нь зүйтэй гэж илэрхийлж байлаа.
Тус айлчлалын бүрэлдэхүүнд багтан ажиллаж буй УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ ОХУ-ын Зам тээврийн сайд В.Г.Савельевтай уулзаж Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын гэрээнд нэмэлт оруулж Улаанбаатар төмөр замын дүрмийн санг Монгол, ОХУ-ын тал ижил хэмжээгээр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан тухайгаа дурдлаа.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд цар тахлаас шалтгаалан иргэдтэйгээ уулзах боломж бага байсан. Харин Монгол Улсын Их Хурлын дарга айлчлалынхаа үеэр ОХУ-д ажиллаж, сурч байгаа иргэд, оюутны төлөөлөлтэй уулзаж, үзэл бодол, байр суурийг сонсож байгаад баяртай байна. ОХУ-д 4300 гаруй иргэн оршин суудаг. Үүнээс 1100 гаруй оюутан 63 их, дээд сургуулиудад сурдаг. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа гадаадын оюутнууд сурахын зэрэгцээ ажиллах эрх зүйн бололцоо нээгдэж байгаа тухай Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко хэлэлцээрийн үеэр дуулгасан. Энэ бол ОХУ-д ажиллаж, амьдарч байгаа оюутан залууст маш чухал шийдвэр гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатартай хийсэн уулзалт иргэдийн асуулт, хариултаар үргэлжилсэн. Иргэд Монгол судлалын төвийг байгуулан эх хэл, үндэсний бичгийн өв соёлыг хойч үедээ түгээх, сурталчлах, түүний дархлааг хилийн чандад оршин суугаа монгол иргэддээ нутагшуулах, ОХУ-д сурч, ажиллаж байгаа иргэд эх орондоо ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, төрийн албан хаагчийн шалгалтыг цахимаар өгөх асуудлыг шийдвэрлэх, гадаадад байгаа иргэд төрийн сонгуульд хэрхэн, яаж оролцуулах талаар тодруулж байлаа.
Уулзалтад Москва дахь Монгол Улсын аж ахуй нэгжүүдийн төлөөлөгчийн газар, Эрдэнэт үйлдвэр ХХК, УБТЗ-ын төлөөлөгчийн газар, МИАТ ХХК-ын төлөөлөл болон Олон Улсын Засгийн газар хоорондын Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, их, дээд сургуульд суралцаж буй оюутан залуус, ОХУ-д суугаа иргэдийн төлөөлөл зэрэг нийт 50 гаруй хүн оролцлоо.