АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч, генерал Чарльз Браунтай уулзлаа
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Номхон далай дахь Агаарын цэргийн хүчний командлагч, генерал Чарльз Браун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тэр бээр уулзалтын эхэнд хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа олон хэлбэрээр амжилттай өрнөж, тодорхой үр дүнд хүрснийг дурдаад хамтын ажиллагааны бас нэгэн чухал чиглэл нь агаарын цэргийн харилцаа гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, АНУ-ын Энэтхэг- Номхон далайн Агаарын цэргийн командлал хоорондын хамтын ажиллагааны яриа хэлэлцээг өнгөрсөн 3 дугаар сард АНУ-д анх удаагаа амжилттай зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгох нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Мөн бүс нутагт болон АНУ-д зохион байгуулагддаг нисэх хүчний олон улсын сургууль, семинар, уулзалтуудад Монгол Улсын Агаарын цэргийн бие бүрэлдэхүүнийг оролцуулж байдагт талархаад Агаарын цэргийн чадавхыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллахаар харилцан санал солилцов.
Үүний дараа төлөөлөгчдийг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат хүлээн авч уулзсан юм. Талууд мөн дээрх чиглэлүүдээр харилцан санал бодлоо солилцож, цаашид Монгол Улс болон АНУ-ын Агаарын цэргийн хүчин хоорондын харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхэд чиглэсэн бодит ажлууд өрнүүлэх талаар ярилцлаа.