“Энэтхэг-Монголын газрын тос, хийн үзэсгэлэн”-г анх удаа зохион байгуулж байна
2019.05.14

“Энэтхэг-Монголын газрын тос, хийн үзэсгэлэн”-г анх удаа зохион байгуулж байна

“Энэтхэг-Монголын газрын тос, хийн үзэсгэлэн”-г 2019 оны 5 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд  Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна.  Үзэсгэлэнд БНЭУ-ын Тата групп, Афконс Лимитед, ISGEC Индастри, Инженерс Индиа Лимитед зэрэг тэргүүлэх техник, технологи бүхий тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, зөвлөх үйлчилгээ, барилга угсралтын салбарт үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй томоохон төрийн болон хувийн хэвшлийн компаниуд оролцож буй юм.

Үзэсгэлэнг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж хэлсэн үгэндээ “Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд энэхүү төсөл нь хоёр улсын хоорондын нөхөрсөг харилцааг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвх, санаачлагатай хамтран ажиллаж байгаа Энэтхэг Улсын Засгийн газар, ЭКСИМ Банк, төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Инженерс Индиа Лимитед” болон бусад байгууллагуудад талархал илэрхийлье” хэмээв.

БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тавьсан. Монгол Улсын Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн явцыг эрчимжүүлэх үүднээс үйлдвэр барихад шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг 2018 онд эхлүүлж, одоогоор ажлын явц 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Мөн Засгийн газраас тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын шатанд ажиллах ажилтнууд болон цаашид үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх үүднээс 550 айлын орон сууцны хотхоныг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулахаар шийдвэрлэсэн. Хотхоны бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна.

Төслийн НТЭЗҮ-ийг хүлээн авсан бөгөөд төслийн менежментийн зөвлөхөөр шалгарсан Энэтхэгийн компанитай гэрээ байгуулах ажил ид өрнөж байна. Зөвлөхтэй гэрээ байгуулснаар төслийн дараагийн үе шатны ажлууд болох үйлдвэрийн зураг төсөл, барилга угсралтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж буй юм.