Салбарын тулгамдсан асуудлаар 21 аймагтай онлайн хурал хийлээ
2019.06.06

Салбарын тулгамдсан асуудлаар 21 аймагтай онлайн хурал хийлээ

Боловсрол, соёл, спортын салбарын орон нутаг дахь хөрөнгө оруулалтын ажлын явц, удахгүй болох элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл, бусад тулгамдсан асуудлаар онлайн хурал болж, хурлыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан удирдлаа.

Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болсон уг хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, тус яамны болон харьяа байгууллага,  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Барилгын хөгжлийн төвийн удирдах ажилтнууд оролцож, 21 аймгийн ажлын мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлуудад нь хариулт өглөө.

Сайд Ё.Баатарбилэг БСШУСЯ-аас дэвшүүлсэн гол зорилтуудын нэг нь салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх гэдгийг онцлоод манай салбарт 2019 онд улсын төсвөөр 603 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Ихэнх нь сургууль, цэцэрлэгийн барилгууд байгаа. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн аймагт ажиллаж, удаашралтай байгаа зарим барилгын явцтай газар дээр нь танилцлаа. Гүйцэтгэгч нь солигдсон, олон жил он дамжиж, төсөвт өртөг нь нэмэгдсэн, магадлан хийлгэх шаардлагатай, царцсан зэрэг ажил удаашруулдаг олон шалтгаан байна. Ойрын хугацаанд бусад аймагт ажиллаж, үүссэн нөхцөл байдлыг аль болохоор хялбарчилж, хөрөнгө оруулалтын ажлуудаа шахаж, эрчимжүүлнэ. Гэрээний үүргээ биелүүлээгүй компаниудтай хуулийн хүрээнд хариуцлага ярина гэдгээ илэрхийллээ.

Онлайн хуралд бүх аймгийн ЗДТГ-ын болон Боловсрол, соёл урлагийн газрын холбогдох дарга, мэргэжилтнүүд оролцлоо. Аймгууд ажлаа тайлагнаж, мэдээлэл хийсний дараа салбарын хөрөнгө оруулалт, боловсрол, соёлын холбогдох асуултад БСШУСЯ-ны газар, хэлтсийн дарга нар хариулт өглөө.

Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтын асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн дарга Ж.Ган-Эрдэнэ мэдээлэл хийж, сумаас аймгийн төв рүү ирж шалгалт өгөгчдийн аюулгүй байдалд онцгой анхаарах, нөөц цахилгааны эх үүсвэртэй байх, хүүхдүүд өөрсдөө харандаа, баллуур, үзүүрлэгч авч орохгүй байх ёстойг орон нутгийн удирдлагуудад мэдэгдлээ.