2019.06.07

О.Баасанхүү: Засгийн газрын тогтоолоор хийдэг хулгайг шүүх шийдвэрлэхгүй болгож байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.07/ нэгдсэн хуралдаанаарЗахиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөлд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Захиргааны ерөнхий хуульд хориг тавих гол шалтгаан нь хөөн хэлэлцэх хугацааг багасгасан асуудал юм. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөр авлигын хэрэгт холбогдсон Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэрэг хаагдсан юм. Энэ нь өөрөө нийгэмд шүүмжлэл дагуулаад байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсан юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Монголд гай болж байгаа хэдэн хүн байна. Шүүх, Тагнуулыг устгая. Ерөнхийлөгч нарыг буухаар нь шоронд хийнэ гэх донтой бүлэглэл байна. Монгол сүйрч байвал боллоо гэсэн бодолтой. Захиргааны шүүх дээр онол ярихгүйгээр хэдэн юм асууя. 

1. Эрдэнэтийн 49%-ийг аваад төрийн өмч болсон. Засгийн газрын тогтоолоор цалингийн жишиг тогтоох тогтоол гаргаад, анхдагчдад өгөх мөнгийг байхгүй болгоод гэрээт ажилчдыг цомхотголоо гэхэд ажилчид Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхгүй болж байна. Эрдэнэт чинь төрийн өмчит үйлдвэрийн газар учраас Засгийн газраас гаргасан шийдвэрээр зохицуулалт хийж явна. Засгийн газрын шийдвэрт Эрдэнэтийн ажилчид гомдох эрхгүй болж байна. Үүнийгээ Эрдэнэтэд тусалж байгаа гэх үү?

2. Хууль зүйн яам гоё жийп авч байгаа гэж иргэн гомдол гаргаж байсан. Ерөнхий сайд зар гэсэн ч мэдээж том толгойтой сайд юу гэж зарах уу? Үүгээр Захиргааны шүүхэд гомдол гаргах эрх байна уу?

Монголын төрөөс тендэр, концесс, Засгийн газрын тогтоолоор хулгай хийж байна. Засгийн газрын ямар ч тогтоолоор гомдол гаргах эрхгүй болж байна л гэсэн үг. 

УИХ-аас Хавдрын эмнэлгийг сайжруулья гэсэн тогтоол гарахад 24 тэрбумаар ав гэсэн үнэлгээ байхад 60 тэрбумаар ав гэж Засгийн газрын тогтоол гарвал тэр тогтоолыг шүүхдэх эрх байна уу үгүй юу? Засгийн газрын тогтоолоор хийдэг хулгайгаар шүүхэд хандах эрхгүй л болгож байна гэж ойлгож байна. Ингэж Монголыг сүйрүүлэх хэнд хэрэгтэй юм бэ? 

Үндсэн хуульд Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Гэтэл шүүх шударга биш байна гэж хууль баталж байгаа юм бол шүүхээ татан буулгавал яасан юм бэ? хуулийн үндэслэл нь үүн дээр байна. Энэ зөв юм уу?

Хууль өмнө хүн бүр эрх тэгш байх эрх зөрчигдөөд байгаа юм биш үү?"

Түүний асуултанд Монгол Улсын Ерөнхлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хариуллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэмж санал хэлсэн юм.