Хүрэлбаатар.Ч 2019.06.12 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжлээ

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.06.12) хуралдаан 10 цаг 15 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн үр дүнг өндрөөр үнэлж, төслийн II дахь үе шатыг 19.5 сая еврогоор санжүүлэхээр тохиролцсон.

Уг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг Ерөнхий сайдын 2018 оны 06 дугаар сарын 22-ны 123 дугаар захирамжийг үндэслэн байгуулаад байна. Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасны дагуу тус хэлэлцээрийг Улсын Их Хурлаар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр соёрхон батлуулсан. Төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн 3 дугаар зүйлд заасны дагуу “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II” төслийн хөрөнгөөр импортоор оруулах суудлын автомашиныг онцгой албан татвараас чөлөөлж өгнө үү гэж байлаа.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Мөнхбат нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ импортоор оруулж ирэх 16 машины гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг нь төлөөд, онцгой албан татвараас чөлөөлж байгаа эсэхийг тодруулав.

Импортоор оруулж ирэх машинууд нь гадаадын тусламжийн хүрээнд олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байгаа. Харин онцгой албан татварыг Засгийн газар хариуцна гэсэн заалттай байдаг. Үүний дагуу Онцгой албан татварын тухай хуулийн төслийг тусад нь боловсруулж, өргөн барьж байна гэж Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү хариулсан. Ингээд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг  хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.