Баасанхүү.О 2019.06.12 | Vip76.mn

О.Баасанхүү: Өргөн нэвтрүүлгийн телевизийн үзэгчийн тоо буурсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.06.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Өргөн нэвтрүүлгийн салбарын үйл ажиллагаатай холбогдох харилцааг Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай зэрэг хуулиудаар зохицуулж байгаа бөгөөд өргөн нэвтрүүлгийн зах зээл өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өргөн нэвтрүүлгийг зөвхөн телевиз, радио ашиглан хүлээн авахаас гадна гар утас, компьютер болон автомашины хүлээн авагчаар хүлээн авч үзэх боломжтой болж, ашиглах цар хүрээ, дахин дамжуулах компаниудын оролцоо, төлбөр зэргийг эрх зүйн хувьд зохицуулах хэрэгцээ урган гараад байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Хуулийг дэмжиж байна. Ажлын хэсэг хэд хэдэн зүйл анхаармаар байна. Өргөн нэвтрүүлгийн 10 телевизийн рейтинг тогтоох нь эргэлзээтэй байна. Эхэнд байгаа нь адагт орох тохиолдол ч бий. Олж байгаа юмаа олон хуваахгүй гэсэн үзлээр хандаж болохгүй. Univision-ээр кабелийн суваг ч гарч байна өргөн суваг ч гарч байна. Харин ч өргөн нэвтрүүлгийн сувгийг үзэх хүний тоо буурсан шүү. Тиймээс хувааж авах мөнгөө та нар зодолдолгүй аваарай.

Авах мөнгөө ард түмний нуруунд төлбөрийн мөнгө нэмэгдэж болохгүй. Хэрэглэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр орлого нэмэгдэнэ. Үүнийг дагаад үнэ буурах ёстой. Үйлчилгээндээ үнээ шингээгээд иргэдээс авах мөнгөө нэмэх вий дээ?

Контентын хуулийг оруулж ирмээр байна. зах зээлийн зарчимаар сайн контент хийвэл үзэгч үзнэ. Хэн ч үзэхгүй юм хийчээд төрөөс мөнгө авах гээд байх хэрэггүй.

Сонгуулиар ёс зүйтэй, тэгш хүртээмжтэй ажиллах ёстой. 1 секундийн 10,000 төгрөг нэхээд сууж байдаг ТВ байгаа шүү. 5 минут ярихын тулд 3 сая төгрөг төлөх болдог.

Хэрвээ ажлын хэсэг төслийг сайжруулаагүй байвал энэ хуулийг батлахгүй байх нь дээр. Ард түмэнд хэрэгтэй мэдээлэл гаргамаар байна. Тэрнээс биш ХЗДХ-ийн сайдын үгнээс айдаг ТВ хэрэггүй. Монголд өнөөдөр Ардчилал байгаа бол мэдээллийг үнэн зөв, тэгш хүртээмжтэй гаргах ёстой."