Саранчимэг.Б 2019.06.24 | Vip76.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор иргэдийн санаа бодлыг сонсож байна

Улсын Их Хуралд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн баригдаж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

2-р хэлэлцүүлэг хийхээс өмнө УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойргийн иргэддээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалтуудыг хийж саналуудыг авч байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ч өөрийн тойрогт ажиллаж байна.

1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталж, зарлан тунхагласнаас хойш 27 жил өнгөрсөн. Үндсэн хуулийн үзэл санаа амьдралд биеллээ олж манай орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол улам баталгаажиж, иргэд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, өмчтэй байх, түүнийгээ захиран зарцуулах зэрэг Үндсэн хуульд заасан үндсэн эрхээ бодитойгоор эдэлдэг болсон нь Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, зарчмууд зөв байсныг батлан харуулж байна.

Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд зарчмын олон өөрчлөлт, шинэтгэлүүд хийгдэж, Үндсэн хуулийн үзэл санаа амьдралд хэрэгжиж байна. Гэвч нийгмийн хөгжлийн шаардлага, цаг хугацааны эрхээр Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндөлгүйгээр нэмэлт, өөрчлөлт хийх шаардлага гарч байна. Ажлын хэсэг төслийг боловсруулахдаа энэ нэмэлт, өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагыг судлахаас гадна, олон удаагийн хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, эрдэмтэд, судлаачдын санал ,зөвлөмжийг мөн тусгасан байгаа.

Мөн 2017 онд улсын хэмжээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар зөвлөлдөх санал асуулга явуулж иргэдийнхээ санаа бодлыг сонсож, зөвлөлдсөн байна.

Энэ ажлын хүрээнд нийт 327 375 иргэн, 24 байгууллагаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор 5 сая 584 мянга 832 нэгж санал гаргасныг нэгтгэн заримаас нь төсөлд тусгажээ.

Нийт иргэдэд төслийг танилцуулсны дараа хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр төслийн талаар ард нийтийн санал асуулга явуулах эсэх талаар чуулганаар гишүүдээс санал хурааж шийднэ.

Эдгээруулзалтад иргэд сонгогчид идэвхтэй оролцсоноос гадна УИХ-ын гишүүн, хуульч, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, ТББХорооны зөвлөх Солонго нар оролцож иргэдийн асуултуудад хариуллаа.