УИХ-ын гишүүн М.Билэгтээр ахлуулсан ажлын хэсэг Үндсэн хуулийн төслийг иргэдэд танилцуулж байна
УИХ-ын гишүүн М.Билэгт Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэд хөдөлмөрчдөд шинээр батлагдсан хууль, тогтоол, цаг үеийн мэдээлэл хүргэж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэдийн саналыг сонслоо. Хэлэлцүүлэгтэй холбогдуулж сумын ИТХ-ын дарга Бямбасүрэн, Ахмад ажилтан Б.Бямбасүрэн сумын Засаг дарга Отгонбаяр, Л.Сансаргомбо, Я.Туваанжав, Ж.Төмөрсүх, Б.Сосорбарам, Ч.Даминсэндэв, Л.Доржготов нар өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн юм.
Ажлын хэсгийнхэн шинэ долоо хоногийн өглөө эртлэн Бууцагаан сумаас Хүрээмаралд хүрэлцэн ирж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө танилцуулан тус сумын иргэдийн саналыг сонсох уулзалт иргэний танхимд болж байна. Улсын их хурлын гишүүн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тус суманд нартай хуртай, зун зуншлага сайхан нэг л дотно сэтгэл төрүүлэхүйц өнгөтэй байгааг онцлов.
Тэрээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг маш нарийн тайлбарласны зэрэгцээ улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал УИХ-аас батлан гаргаж буй хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх зэрэг асуудлуудаар алслагдсан сумдын иргэдэд төрийн мэдээллийг хүргэсэн юм. Мөн тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өгч тус суманд өрнөх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг ч тодосгон тэмдэглэлээ.
Хүрээмарал суманд эрхэм гишүүний багцаас 240 хүний суудалтай тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй соёлын төвийн бүтээн байгуулалтын тендер нь зарлагдаж ажил нь эхэлхэд бэлэн болсон гэдгийг тодосгоод хавар нарийн мэргэжлийн эмч нарын багийг хувиасаа зардлыг гаргаж тойргийн сумдадаа ажиллуулж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог хийлгэж олон арван иргэдийн өвчний оношыг эрт илрүүлсэн нь үр дүнтэй ажил болсныг иргэддээ дуулгалаа.