С.Чинзориг 2019.07.03 | Яамны хэвлэл мэдээллийн алба

С.Чинзориг: Энэхүү конгресс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд төр, засгаас анхаарал хандуулж буйн тод илрэл

С.Чинзориг: Энэхүү конгресс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд төр, засгаас анхаарал хандуулж буйн тод илрэл

Хоёр өдрийн турш дэлхийн 43 орны 600 гаруй төлөөлөгч Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь”  сэдвээр чуулах бөгөөд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага”-ын сайн туршлага, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн Бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа: 2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч буй бэрхшээл” гэсэн 3 сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийж нийт 72 илтгэл хэлэлцэх юм.

Конгрессын эхний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хөгжлийн бэрхшээл болон хүртээмжийн асуудал хариуцсан тусгай элч Мариа Соледад Цистернес Рэйс “Тогтвортой хөгжлийн зорилтын эрин үед хамт олонд хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан хүртээмжтэй хамтын нийгмийг бий болгох нь”,УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Конгрессыг  зохион байгуулах үндэсний хорооны дарга С.Чинзориг “Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын санаачилга, туршлага, сургамж” илтгэлийг тавьсан.

С.Чинзориг сайдын илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Өнөөдөр бид Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцыг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах асуудлаар зөвлөлдөх гэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийн амьжиргаа бусдаас доогуур байх хандлага хөгжиж буй орнуудад нийтлэг ажиглагдаж байгааг судалгааны байгууллагууд зарлах боллоо. Энэ утгаараа ядуурал, өлсгөлөнг тэглэх, хүн бүрийг зохистой ажил хөдөлмөр эрхэлж, амьжиргааны эх үүсвэртэй байх боломжоор хангах, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, бүх нийтийг бичиг үсэг, боловсролтой болгох зэрэг нь Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудалтай салшгүй холбоотой юм.

Тийм учраас асуудал, бэрхшээл бүрийг дэлхий нийтээрээ хамтдаа шийдвэрлэж, даван туулах сорилттой тулгарч байна. Өнөөдрийн олон улсын хурлын зорилго ч үүнд чиглэж байна.

Түүхэн уламжлал болон хууль эрх зүйн орчны талаар:

Монгол Улсын төр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудалд анхаарч ирсэн уламжлалтай. Тухайлбал, социалист системийн үед бүх нийтийн хөдөлмөр эрхлэлтийг хангах, хөдөлмөрийн чадваргүй хэсгийг өдөр тутмын амьжиргаанд хүрэлцэхүйц орлоготой байлгах нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулахын тулд тусгай сургалттай цэцэрлэг, сургуулиудыг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залууст мэргэжил эзэмшүүлж ажлын байртай болгох зэрэг арга хэмжээ авч байв. Түүнчлэн осол, өвчлөлийн улмаас мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон иргэдэд богино хугацааны сургалтаар шинэ мэргэжил эзэмшүүлж байлаа.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих явцад нийгмийн хамгааллын тогтолцоог өөрчлөх шаардлага гарсан ч өмнө хүрсэн түвшинг дордуулахгүй байх зарчмыг тууштай баримталж, шинэ нөхцөлд тохирсон арга механизмыг бий болгохыг зорьж ирлээ.

Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид 2009 онд нэгдэн орсон. Тус конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг халамж хүртэгч биш, хөгжилд идэвхтэй оролцож, бусдын адил эрхээ эдлэх хүний эрхийн суурь зарчимд нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд шинээр батлан хэрэгжүүлж байна. Хуулийг боловсруулах явцад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулж, хэлэлцүүлж, санал бодлыг нь тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог дэмжих, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын болон бие даан амьдрах үйчилгээний зэрэгцээ дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийн талаар тусгасан нь хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л эрхийн асуудлыг зохицуулсан цогц хууль болсон.

Хөдөлмөрлөх эрхийг хангах хүрээнд:

Монгол Улсын эдийн засгийн бүтцэд албан бус сектор, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл томоохон байр суурь эзэлдэг онцлогтой. Энэ онцлогийг харгалзан бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд аж ахуйн нэгж байгууллагад квот тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүний хувиараа хөдөлмөр, аж ахуй эрхлэлт,  хөгжлийн бэршээлтэй иргэдийг ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг  дэмжих зэрэг олон арга механизмыг ашиглаж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй, одой хүнийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглож, 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага нь нийт ажлын байрныхаа 4 ба түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулах үүрэг хүлээж байна. Хэрвээ хуулийн энэ заалтыг хэрэгжүүлээгүй бол хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулаагүй ажлын байр бүрийн төлөө сар тутамд тухайн хуулийн этгээд өөрийн байгууллагын дундаж цалинтай дүйцэхүйц төлбөрийг  Хөдөлмөр эрхэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг. Энэхүү төлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулж ирсэн туршлагатай. 

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 90 гаруй хувь нь 20-иос доош ажиллагчтай учир хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрын квот тогтоох систем төдийлөн өргөн хүрээг хамарч чадахгүй байна. Тиймээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил олоход хүндрэлтэй гэж үзэж тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгайлсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөдөлмөрт бэлтгэх; дэмжлэгтэйгээр ажилд зуучлах; эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох; борлуулалтын болон ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлэх; аж ахуй эрхлэлтийн болон хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн агуулга нь бүхэлдээ мэргэжлийн болон аж ахуй эрхлэх, ур чадвар эзэмшүүлэх замаар хувиараа хөдөлмөр болон аж ахуй эрхлэхийг дэмжихэд чиглэж байна. Энэ нь албан секторт дутагдаж байгаа ажлын байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө гэр бүлийн гишүүд, нийгмийн оролцоо, дэмжлэгтэйгээр бий болгож, тогтвортой ажиллах боломж бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2018 онд 3,6 тэрбум төгрөг зарцуулж 5600 гаруй хүн хамрагдсан байна. 2019 онд энэ хөтөлбөрийг үргэлжлэн хэрэгжүүлэхэд 4,5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэхэд анхаарч дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг ажлаар хангаж чадаагүй байна.

Энэ онд Монгол Улсын Засгийн газар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”–д дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

Нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах хүрээнд:

Хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалд зохих ёсоор хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүн Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээг жирийн иргэний адил хүртэх эрхтэй. Нийгмийн даатгалд хамрагдаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх нийгмийн халамж, дэмжлэг үзүүлэх харилцааг Нийгмийн халамжийн тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар зохицуулж байна.

Тухайлбал, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу 16 насанд хүрсэн одой хүн, хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгон авч байна. Бие даан амьдрах чадваргүй ганц бие хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа иргэнд сар бүр асаргааны тэтгэмж, байнгын асаргаатай 16-гаас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүнд улирал бүр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд сар бүр мөнгөн тусламж олгож байна.

Түүнчлэн ганц бие, бие даан амьдрах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй хүнийг төрөлжсөн асрамжийн үйлчилгээ болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнд протез, ортопед хийлгэх, амралт, рашаан сувилалд сувилуулах болон  орон сууцны хөлс, түлшний үнийн хөнгөлөлт эдлүүлэх зэрэг хөнгөлөлт үйлчилгээ үзүүлж байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг дэмжих зорилгоор сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт, өөрийнх нь болон асран хамгаалагчийнх нь сургуульд ирж очих унааны зардлыг олгох, хөдөө орон нутгаас  ирж тусгай сургуульд суралцаж байгаа хүүхдийг дотуур байраар хангах зэрэг дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Өрхийн хэрэглээ, орлого нь Засгийн газраас тогтоосон босго шугамаас доогуур өрхийн гишүүнд хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хүнсний дэмжлэг үзүүлж байна.

Мөн Засгийн газрын тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран халамжилж, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг эхчүүдэд олгодог тэтгэмжийн хэмжээг амьжиргааны баталгаажих доод түвшинтэй уялдуулаан нэмэгдүүлсэн бөгөөд цаашид улс орны эдийн засгийн байдал, амьжиргааны түвшинтэй уялдуулж нэмэх бодлого баримтлан ажиллана.

Эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах чиглэлээр:

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг хангах асуудалд төрийн зүгээс онцгой анхаарч байна. Манай улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ; эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн 2 төрөлтэй байна.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарч байна. Харин эмнэлгийн тусламж, үйлчилгээнд өрхийн эрүүл мэндийн, эмнэлгийн мэргэшсэн, эх барихын, эмнэлгийн яаралтай, сувилахуйн дагнасан, түргэн тусламжийн, сэргээн засахын гэсэн 7 төрлийн тусламж үйлчилгээ багтаж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгохын тулд Монгол Улс эрүүл мэндийн албан журмын даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 90 орчим хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байна. 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай буюу амьжиргааны түвшин доогуур өрхийн гишүүн, хүүхдээ 2 нас хүртэл асарч байгаа эх, эцгийн төлбөл зохих шимтгэлийг төрөөс төлдөг учир Эрүүл мэндийн даатгалд хамрагдалт харьцангуй өндөр байна.

Үүний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх талаар анхаарч тодорхой арга хэмжээ авч эхлээд байна.Тухайлбал, Засгийн газраас 2017 онд батлан хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүний алдагдсан чадварыг боломжит хэмжээнд хүртэл эргэн сэргээх” зорилтыг дэвшүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх; хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сургалт, сурталчилгааг өргөжүүлэх, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх; хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах; сэргээн засалт, хиймэл эрхтэн, туслах хэрэгслийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж байна.

Энэ онд БНХАУ-ын тусламжаар жилд 250 хүүхэд хүлээн авч хэвтэн эмчлүүлэх, мөн тооны хүүхдийг өдрийн эмчилгээнд хамруулах хүчин чадалтай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах үндэсний төвийг шинээр ашиглалтад орууллаа. Түүнчлэн 60 ортой хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан Сэргээн засах төв ажиллаж байна. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа ажлын эхлэл бөгөөд цаашид улам өргөжүүлж сайжруулахад анхаарах болно.

Сурч боловсрох эрхийг хангах хүрээнд:

Хүний хөгжих үндэс суурь нь сурч боловсрох эрхийн хэрэгжилт билээ. Өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан хүүхдийн 0.4 хувь, ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын 1.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Одоогоор тусгай сургууль нь манай улсын хувьд уламжлалт хэлбэр бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр мэргэшсэн багш, арга зүй, сургалтад тохирсон техник, тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүнээр хангагдсан байдгаараа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ялангуяа хэл ярианы, харааны, оюуны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад илүү тохиромжтой гэж бид үзэж ирсэн.

Засгийн газар хүүхэд, залуусыг боловсролд тэгш хамруулах бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж, цаашид боловсролын бодлогоо хүүхэд бүрийг тэгш хамруулан хөгжүүлэх олон улсын чиг хандлагад нийцүүлэх хэрэгцээ шаардлага байна.  

Манай улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүр өөрийн чадвар, онцлогт нийцсэн хөтөлбөрөөр уян хатан нөхцөлтэйгээр суралцах талаар эрх зүйн баримт бичгүүдийг салбарын сайдаар батлан хэрэгжүүлж эхлээд байна. 

Сургуулийн өмнөх насны болон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургуульд тэгш хамруулан суралцуулах бодлогыг бүрэн  хэрэгжүүлэхээр зорьж байна. Тиймээс ердийн ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгоход шаардагдах хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгуулж энэ хичээлийн жилээс олгохоор бэлтгэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан суралцуулах багш, ажилтныг бэлтгэх, давтан сургах, сургалтын арга зүй, сурах бичиг  боловсруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно. 

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүх шатны боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах, дээд боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх; хөгжлийн бэрхшээлтэй хүнд амьдрах ухааны болон мэргэжлийн чиг баримжаа олгох; насан туршийн боловсролын үйлчилгээний шинэ төрлийн загварыг хэрэгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн зорилтуудаа бид үр дүнтэй хэрэгжүүлнэ.

Дэд бүтцийн хүртээмжийн нэмэгдүүлэх чиглэлээр:

Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бүх төрлийн нийгмийн үйлчилгээг саадгүй авахад тэдэнд ээлтэй дэд бүтцийн хүртээмжийг бий болгох нь бидний өмнө тулгамдсан асуудал хэвээр байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтцийг бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг хангуулахад багагүй анхаарч ажилласны үр дүнд  зарим талаар ахиц гарч байна.

Тухайлбал, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шинээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд газрын төлбөрөөс эхний 3 жилд 100 хувь, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлөх” зэрэг асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгаад байна.

Түүнчлэн барилга, дэд бүтэцтэй холбоотой саад бэрхшээлийг арилгах, хүртээмжийг сайжруулах зорилгоор Хүртээмжийн тухай хуулийн төслийг холбогдох салбарын яам боловсруулж, энэ ондоо багтааж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна.

Иргэний барилга, зам, замын байгууламж, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахтай холбогдуулан 10 гаруй норм ба дүрэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагын талаар тусган баталсан.

Засгийн газраас 2017 онд баталсан “Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ажиллах болсон. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадавхи бэхжүүлэх сургалтыг аймгуудад зохион байгууллаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дэд бүтэц бий болгох салбарын чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Архитекторын мэргэшсэн зэрэг горилогчдод зориулсан сургалт”-ын хөтөлбөрт энэ чиглэлээр 2-4 цагийн хичээл, барилгын салбарын инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгох сургалтуудад хот төлөвлөлт, барилгын зураг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн арга хэмжээг тусгах талаар хичээл оруулж, зохих мэдлэг олгож байна.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны хангамжийг сайжруулах үүднээс Төрийн орон сууцны корпорацийн түрээсийн орон сууцны 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түрээслүүлэх квот тогтоон мөрдүүлж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар түрээсийн орон сууцны 6.5 хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамрууллаа.

Гэсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд дэд бүтцийн хүртээмжийн асуудал маш чухал тул хэрэгжилтийг хангуулахад анхаарах, бүсийн орнуудын сайн туршлагаас суралцах, нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгамдсан хэвээр байна. Энэ чиглэлээр Та бүхний хуримтлуулсан сайн туршлагыг сонсоно гэж найдаж байна.

Нийгмийн оролцоог дэмжих, түншлэлийг бэхжүүлэх хүрээнд:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих асуудлыг тэдний оролцоогүйгээр шийдвэрлэх боломжгүй юм. Манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бүх чиглэлээр хангах, түншлэлийг бэхжүүлэх талаар тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан.   

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн оролцоо, түншлэлд өөрсдийн эрх ашгийн төлөөх төрийн бус байгууллагаараа дамжуулан оролцох боломж нь илүү нээлттэй үр дүнтэйг олон улсын болон гадаад орнууд, дотоодын байгууллагуудын туршлага, үйл ажиллагаа харуулж байна. Өнөөдөр манай оронд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр 600 гаруй төрийн бус байгууллага бүртгэлтэй байна. Энэ нь нэг талаас, хөгжлийн төлөөх түншлэл, хамтын ажиллагаанд иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд хэрхэн бэлтгэж байгааг харуулна. Нөгөө талаас энэ их хүчийг бид хэрхэн зөв ашиглаж өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулахыг шаардаж байна.

Манай Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг Монгол Улсад анх удаа байгууллаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд, аймаг, нийслэл, дүүрэгт салбар зөвлөл, бүх яамдад Дэд зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Эдгээр зөвлөлүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх ашгийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг оруулан ажиллуулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах хүрээнд төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, салбар дундын уялдаа холбоог хангах орон тооны бус бүтцийг бүх яамдад бий болгосон нь бүсийн орнуудын хувьд жишиг болохуйц, бидний хувьд Та бүхэнтэй хуваалцах сайн туршлага байж болох юм. 

Бид хөгжлийн төлөөх түншлэл, хамтын ажиллагааг цаашид боловсронгуй болгох, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад оновчтой ашиглахын тулд Засгийн газар дараах чиглэлд анхаарч ажиллахыг чухалчилж байна.

Нэгдүгээрт, төрийн бодлого шийдвэрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй, тэдний онцлог хэрэгцээнд нийцүүлэхийн тулд бодлого, боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ хийх үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангахыг хичээж байна. Урт, дунд, богино хугацааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх явцдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага, төлөөллийн оролцоог оновчтой тодорхойлсноор төр, төрийн бус байгууллагын түншлэл жинхэнэ утгаараа хөгжих боломжтой гэж үзэж байна.

Хоѐрдугаарт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй түншлэх, хамтран ажиллах, төрийн үйл ажиллагаанд тэдний оролцоог хангахын тулд төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн ойлголт, хандлага, мэдлэгийг сайжруулах сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэхийг зорьж байна.

Гуравдугаарт, Хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн шинэ төрлийн, тэднийг бие даан амьдрахад чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх, нэвтрүүлэх, дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулахад анхаарах хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгамдсан гол асуудал болоод байна. Энэ чиглэлд Та бүхний сайн туршлагаас суралцахыг хүсч байна. 

Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр бид Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка, НҮБ-ын хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын банк, санхүүгийн болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, үндэсний болон олон улсын төрийн бус байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулалттай болон үндэсний томоохон компаниуд, үндэсний болон гадаадын, олон улсын төрийн бус байгууллагуудтай хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлаар олон салбарт, түүний дотор эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг төрийн суурь үйлчилгээний салбаруудад үр дүнтэй хамтран ажиллаж ирлээ. Бидэнтэй удаан хугацаанд олон чиглэлээр хамтран ажиллаж байгаа түншүүд, түүний дотор Азийн хөгжлийн банк болон Японы олон улсын хөгжлийн агентлагт гүн талархал илэрхийлэхийг хүсч байна.

Нийгмийн хамгааллын салбарт Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн суурь судалгааг хийх, боловсруулах бүхий л үе шатанд төр, төрийн бус байгууллага хамтран ажилласны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт нэн шаардлагатай олон асуудлыг төслийн хүрээнд шийдвэрлэх боломж бүрдэж байна. Тухайлбал, 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн цогц төвийг, Улаанбаатар хотод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг барина. Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох арга зүйг нэвтрүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг сайжруулах бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно. Тэдний мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр шинэ технологийг эх орондоо нутагшуулах зэрэг иргэдийн хүсэн хүлээж буй олон арга хэмжээг хэрэгжүүлэх болно.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах төсөл”-ийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Уг төсөл нь үйл ажиллагаандаа төр, иргэний нийгмийн тэгш оролцоог хангаж, түншлэлийг бэхжүүлэх, төрийн бус байгууллагыг чадавхижуулах талаар үр дүнтэй загварыг хэрэгжүүлж байгаа билээ.

Эдгээр төслүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр шаардлагатай үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх, үндэсний чадавхи бэхжүүлэх, сайн туршлага,технологийг нутагшуулах зэрэгт томоохон хувь нэмэр оруулах болно.

Хүндэт зочид, төлөөлөгчид өө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар та бүхэнд товч танилцууллаа. Монгол олон талаар дэлхийн бусад орнуудаас өвөрмөц, өөрийн гэсэн онцлогтой, нийгмийн янз бүрийн байгуулал бүхий хөгжлийн замыг туулж ирсэн, “сайн” болон “муу” туршлага чамгүй хуримтлуулсан орон гэдэгтэй Та бүхэн санал нэгдэх байх аа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаарх бидний ажлын алдаа оноо, бодлого, үйл ажиллагааны зарчим, чиглэл, санаачилга та бүхэнд бага ч гэсэн туршлага, сургамж  үлдээсэн болов уу  гэж найдаж байна.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын энэхүү конгрессыг Монгол Улсдаа анх удаа зохион байгуулж, Та бүхний арвин түүх, сайн туршлагыг эх орондоо, эх хэлээрээ сонсож, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг бодит болгоход чиглэсэн түүхийн нэгэн хуудсыг хамтдаа бүтээх боломж олдсонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

Энэхүү Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг эх орондоо Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд төр, засгаас ихээхэн анхаарал хандуулж байгаагийн тод илрэл гэж үзэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь Та бүхний халуун ам бүл. Бид хамтдаа хөгжиж урагшлах ёстой гэсэн байр суурьтай манай Засгийн газар ажиллаж байна. 

Манай улс Та бүхний сайн туршлагаас өөрийн орондоо нэвтрүүлж, олон улсын энэ хурлаас гарах тунхаглалыг Ази, Номхон далайн бүс нутагтаа үлгэр дууриал болохуйцаар хэрэгжүүлэхээ илэрхийлж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.