Конгресс зохион байгуулах үндэсний хороо хуралдлаа
Ирэх долдугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болно.
Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж буй олон улсын энэхүү нэр хүндтэй арга хэмжээ болоход 20-иодхон хоног үлдээд байна.
Өнгөрсөн хугацаанд хурлын бэлтгэлийг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ирсэн бөгөөд Конгрессыг зохион байгуулах үндэсний хороо гурван удаа хуралдаж Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагын талаарх ойлголт, мэдээлэл авч бэлтгэл ажлын хүрээнд ямар ажил төлөвлөн хэрэгжүүлэхээ ярилцан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллалаа.
Энэхүү бүсийн чуулганыг Монгол Улсад зохион байгуулснаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа бүс, дэлхий нийтийн хэмжээнд сурталчлах юм. Ази, Номхон далайн бүсийн орнуудаас 100-200 орчим хөгжлийн бэрхшээлийн салбарт ажилладаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд Монгол Улсад хүрэлцэн ирнэ.
Мөн манай улсаас 400 орчим төлөөлөгч оролцож, нийт төлөөлөгчдийн 40 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн төсөөлөл бий. Иймд эдгээр хүмүүсийн байрлах байр, зочид буудал, унаа, авто болон явган хүний зам, гарц, үйлчилгээний газруудын хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарч байгууллага, үйлчилгээний газар, хотын зам талбай гээд бүхий л орчинг шинээр хийх боломжтойг нь хийж, засварлаж болохыг нь засч тохижуулах замаар аль болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болгох нь бидний үүрэг юм.