С.Чинзориг: Хуулийг хэрэгжүүлэх ажлыг төрийн байгууллага өөрөөсөө эхлэх ёстой
2019.04.24

С.Чинзориг: Хуулийг хэрэгжүүлэх ажлыг төрийн байгууллага өөрөөсөө эхлэх ёстой

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож аймгуудтай цахимаар шууд холбогдож хийсэн уг хурлаар С.Чинзориг сайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

С.Чинзориг сайд мэдээлэлдээ улсын хэмжээгээр 105 700 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн хөдөлмөрийн насны 30748, тэтгэврийн насны 894 хүн хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалттай үзүүлэлт биш гэдгийг дурдаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Засгийн газар, ХНХЯ-наас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар танилцуулсан.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны зөвлөмжийн дагуу УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан юм. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг 2017 онд Засгийн газрын тогтоолоор, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлуулан хэрэгжүүлж байна.

Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын тухай зэрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог бүх талаар хангаж, хамтран ажиллаж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг С.Чинзориг сайд онцолсон. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд тусгайлан анхаарал хандуулж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг шинээр байгуулсан. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг дээрх агентлагийн дэргэд ажиллуулах шийдвэрийг гаргасан. Мөн Засгийн газраас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар 27 сая ам.долларын өртөгтэй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлснийг сайд мэдээлэлдээ дурдсан.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1-д 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулахаар заасан. Хуулийн энэ заалтыг биелүүлээгүй тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд сар бүр ажлын байрны төлбөр төлөх үүрэгтэй. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хот, хөдөөд хангалтгүй байгааг С.Чинзориг сайд тодотгоод хуулийн энэ заалтыг орон нутагт хэрэгжүүлэхэд, ялангуяа төсвийн байгууллагууд онцгой анхаарах учиртайг хэлж байлаа. Тэрбээр “Энэхүү хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 онд “Засгийн газарт чиглэл өгөх тухай “128 дугаар зарлигийг санаачилсан. Зарлигийг хэрэгжүүлж Засгийн газрын 2019 оны 111 дүгээр тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй орон тоо тутамд төлөх төлбөрийн хэмжээг дундаж цалинтай уялдуулан тогтоосон. Ингэснээр Улаанбаатар, Орхон, Дархан-Уул аймагт тухайн байгууллагын ажиллагчдын дундаж цалингийн хэмжээгээр, бусад газарт дундаж цалингийн 60 хувиар тооцохоор болсон. Түүнчлэн бүх шатны төсвийн байгууллага, төрийн буюу орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг тогтоосон хувь хэмжээгээр ажиллуулах, ажиллуулаагүй тохиолдолд зохих төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх аргах хэмжээ авч ажиллахыг төсвийн шууд захирагч нарт үүрэг болгосон байгаа” хэмээсэн.

ХНХЯ-ны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс гаргасан судалгаагаар 25-аас дээш ажиллагсадтай аж ахуйн нэгж байгууллага 5230 байгаагаас 39,4 хувь нь буюу 2061 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулж байна. Эдгээрийн 41,9 хувь нь буюу 863 нь хуульд заасан квотын дагуу, үлдсэн нь хуульд зааснаас цөөн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байна. Цөөн хүн ажиллуулдаг болон огт авч ажиллуулдаггүй 4367 аж ахйун нэгж байгууллагын 300 орчим нь хуулийн дагуу ажлын байрны төлбөрийг ХЭДС-д төвлөрүүлдэг нь жилдээ 1,0 тэрбум орчим төгрөг болдог юм. Тус сангийн дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сан ажиллуулж жилдээ 4,0 гаруй тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулдаг тухай ч танилцуулсан.

Орон нутгийн удирдлагуудаас хуулийн дагуу ажлын байрны төлбөр төлөх санхүү, төсвийн боломж байхгүй байна гэсэн тайлбарыг хийсэн бөгөөд үүний хариуд С.Чинзориг сайд ажлын байрны төлбөр төлүүлэхээс илүүтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын тогтмол  ажлын байраар хангах, тэдгээр иргэдийн хөгжлийн бэрхшээлийн онцлогт таарсан хүртээмжтэй орчныг бий болгох, ажил олгогч, олон нийтийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэхийг зорих нь чухал гэдгийг онцгойлон анхааруулсан.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарал хандуулж байгаа, тэднийг асарч халамжилж байгаа ар гэрийнх нь хүмүүсийг ажилтай болгоход орон нутгийн удирдлагууд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн аль нэг нь заавал хажууд нь байх шаардлагатай учраас орон нутгийн боломжид тулгуурлаж дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгаарлах бус харин ч нийгэм, хамт олон дунд нь байлгахыг дэлхий нийтээр чухалчилж байгаа учраас энэ жишгийг дагах, харин тусгай анги, танхим нээж, ялгаварлан гадуурхахгүй байхад анхаарал хандуулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, чиглэл болголоо.  

Орон нутгийн удирдлагуудын хувьд хэд хэдэн асуудлыг төр, засгийн түвшинд анхаарах шаардлагатай байгааг хэлж байлаа. Азийн хөгжлийн банк, Засгийн газартай хамтарсан төслийн хүрээнд зургаан аймгийг сонгож Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төв байгуулахаар болсон, энэ ажил хэзээ эхлэх вэ гэдгийг асууж байлаа. Энэхүү сонгогдсон зургаан аймагт баригдах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих төвийн барилгын зураг төслийг ирэх зургадугаар сар гэхэд дуусгаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөснийг С.Чинзориг сайд тайлбарласан.

Хурлын төгсгөлд аймаг, орон нутгийн удирдлагуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйл, Засгийн газрын 2019 оны 111 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны төсвийн байгууллага, төрийн буюу орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг тогтоосон хувь хэмжээгээр ажиллуулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй байгаа байгууллага, аж ахуйн нэгж бүрийг холбогдох ажлын байрны төлбөрийг заавал төлүүлэх арга хэмжээ авах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын ажлын байраар хангах, тэдгээр иргэдийн хөгжлийн бэрхшээлийн онцлогт таарсан хүртээмжтэй орчныг бий болгох, Ажил олгогч, олон нийтийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг эрчимжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэлийг дэмжих, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нь худалдан авах зэргээр тэдний үйлдвэрлэл үйлчилгээ, борлуулалтыг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгэл мэдээллийг сайжруулж, ажил олгогч, ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг холбон зуучлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, зарцуулалт багатай ажил олгогчийн урамшуулал, борлуулалтын болон түрээсийн дэмжлэг зэрэг арга хэмжээг үр ашигтай зохион байгуулах зэрэг тодорхой үүргүүдийг өглөө.