УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй
2019.07.16

УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Цэцийн гишүүн Н.Чинбат уншиж танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг  хянан хэлэлцээд доорх дүгнэлтийг гаргажээ.

“Улсын Их Хурал Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа, холбогдох хэсгийг  “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” хэмээн өөрчлөн найруулсан байна.

Ийнхүү өөрчлөн найруулахдаа өмнө нь зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд бүр төлдөг байхаар хуульчилжээ. Тодруулбал, ашигт малтмал ашигласны төлбөр гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй, харин улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэх зохицуулалт болсон  байна” гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.


Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг холбогдох байнгын хороод өнөөдөр хуралдаж хэлэлцсэн юм.

ЭЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттбөмөр танилцууллаа.

Мөн ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцууллаа.

Ингээд санал дүгнэлтүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Амазаяа, Я.Содбаатар, Д.Дамба-Очир, Т.Аюурсайхан нарын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Ингээд байнгын хорооны саналуудаар санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээж авах боломжгүй хэмээн УИХ үзлээ.