Ц.Гарамжав 2019.09.10 | Үндэсний Шуудан

ОРХИЖ болохгүй САНАЛ

ОРХИЖ болохгүй САНАЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүн Ц.Гарамжав нэгэн саналыг дэвшүүлэв.

Стратегийн орд газартай холбоотой. Санал гэхээсээ "Эцэг хууль"-даа тусгачихмаар заалт.

Тэрбээр "Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нарын гишүүдийн яриад байгаа стратегийн ордын 51 болоод түүнээс дээш хувийг ард түмний мэдэлд байж, төр эзэмшинэ гэсэн хүсэлтийг дахин анхаарч, харж үзээч ээ гэдгийг хүсэж байгаа юм. Стратегийн орд гэдэг бол агуу том нөөцтэй ордыг хэлээд байгаа юм аа. Жирийн, дунд зэргийн орд биш. Жишээ нь, "Эрдэнэт" гэдэг уурхай хэчнээн жил ажиллаж байгаа билээ. Гэтэл Оюу Толгой "Эрдэнэт"-ээс зургаа дахин их нөөцтэй. Дэлхийд зэсийн баялгаараа нэг, хоёрдугаарт орж байгаа орд. Ийм ордыг агуу том гэдэг юм. "high mining" гэж. Ийм ордыг хэрхэн ашиглах талаар ярьж байгаа болохоос биш жирийнийг яриагүй. Тэгэхээр стратеги, "Эрдэнэт" шиг зургаан ордын гурвыг нь өөрсдөө аваад хоёрыг нь хөрөнгө оруулагчдад өгч болохгүй гэж. Ийм ухаанаар ойлгож үзээч ээ. Оюу Толгой жишээ нь зургаан "Эрдэнэт" байхад талыг нь хөрөнгө оруулагчдад өгье, 49 хувийг нь. 51 хувийг нь бид эзэмшье гэсэн санаа байгаа юм. Энэ бол их чухал санаа.

Цаашдаа Оюу Толгой шиг том орд гарах судалгаа илэрсэн байгаа. Гэтэл үүнийг буруу гэрээ, хэлэлцээ хийх замаар үндэсний эрх ашигт нөлөөлөхгүйн үүднээс 51 хувийг ард түмний мэдэлд, төрийн захиран зарцуулах эрхийн дор хэлэлцүүлж өгөөч ээ гэсэн саналыг давтан гаргаж байна. Мөн томоохон ордуудын менежмент, төлөвлөлтийг сайжруулах хэрэгтэй байгаа. Өнөөдрийн нөхцөлд явж байгаа ордуудын төлөвлөгөө хяналтыг харахад туйлын хангалтгүй явж байна. Жишээ нь, Оюу Толгойн нөөцийг Авирмэд гуай 50 тэрбум тн гэж ярьж байсан. Гэтэл нэг өдөр техникийн зөвлөлийн хурлаар ороод 25 болж буурсан. Хоёр дахин буурсан. Тэрийг нь асуухаар тухайн үедээ мэдлэг чадваргүй хүмүүс ажиллаж байсан гэсэн тайлбар хэлсэн. Ийм байдлаар нөөцийг унагааж болохгүй. Манай төр, засгийн яамд, агентлагт ажиллаж байгаа хүмүүс өөрсдийнхөө нөөцийг зөв гаргаж, дүгнэх, хөрөнгө оруулалтыг нь оруулах хэрэгтэй байна. Энэ заалтыг дахин хэлэлцэхийг хүсч байна. Мөн Х.Болорчулуун гишүүний гаргасан "Байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгална" гэсэн үгийг цаашдаа найруулгын санал дээр өгөхийг хүсье" гэв.


Ц.Гарамжав гишүүний хэлсэнчлэн газрын хэвлий дэх нөөц баялаг, түүнээс хүртэх үр өгөөж нь "агуу" орд Монголд олон бий. Ил болсон нь "Эрдэнэт", Оюу Толгой, Тавантолгой болохоос. Гагцхүү түүнд нь сэтгэлийн хөөрлөөр хандах бус хуулийн хүрээнд хандах нь бидэнд чухал гэдгийг тэрбээр онцолжээ.Үнэн л үг, ортой л асуудал. Адаглаад нэгэнт гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөж байгаа хуулийг хэн ч шүүж, цензурдахгүй. УИХ-ын гишүүд нь ч өөрсдийн гаргасан шийдвэрийн араас шүүмжлэх дайхгүй. Эндээс гишүүн Ц.Гарамжавын гаргасан саналыг зүгээр орхиж боломгүй мэт. Харин төр, хувийн хэвшил тэр дундаа хөрөнгө оруулагч хооронд 51, 49 хувийг эзэмшинэ гэдэг дүрмээ Үндсэн хуульдаа шигтгээд, тэр дагуу гэрээ, хэлэлцээ хийгээд явах нь хэн хэндээ саадгүй, бүр палгүй биш гэж үү. Ц.Гарамжав гишүүний саналыг дэмжих ёстой гэдгийг зориуд тодотгоод байгаа нь ийм учиртай.