УИХ-ын Хаврын чуулган Мега төслүүд хэрэгжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарна
2025.03.18

УИХ-ын Хаврын чуулган Мега төслүүд хэрэгжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарна

Монгол Улсын Их Хурлын Хаврын ээлжит чуулган өнөөдөр /2025.03.17/ нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд урилгаар оролцсон юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ парламентын энэ танхимд иргэдийн дуу хоолой илүү өргөн хүрээнд сонсогдож, илүү ажил хэрэгч саналууд чуулганы танхимд өрнөнө гэдэгт итгэлтэй байгаагаа онцлоод иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар, боломжоос хальж давсан зүйлийг хүсэхээс илүүтэй парламент нь парламент шиг ажиллахыг хэлж сануулж байна. Иргэдээ ажил, орлоготой байлгах, үр хүүхдүүдээ орчин нөхцөл хангагдсан сургууль цэцэрлэгт хамрагдуулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй, дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын, амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол Та бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэж, хуулийн төвд хүн байх учиртайг санууллаа.

Мөн хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгмийн өмнө тулгамдсан асуудлын нөхцөл, шалтгааныг нарийвчлан авч үзэж, ул үндэстэй шийдвэрлэх асуудлууд шилээ даран хүлээж байгааг дурдаад,
• Мега төслүүд хэрэгжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарах,
• Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах,
• Зах зээлийн шударга өрсөлдөөн, эдийн засгийн тэлэлтийн эрх зүйн орчинг дэмжих хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарал хандуулна гэлээ.

Мөн Эрчим хүчний салбарыг либералчлах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хөрөнгө оруулагчдынхаа эрх ашгийг хамгаалах, аж үйлдвэрийн парк байгуулах боломжийг нэмэгдүүлсэн эрхзүйн шинэчлэлүүд ч энэ хаврын чуулганы чухал ажлуудаар нэрлэгдэж байгааг УИХ-ын дарга тодотголоо.