МАНАЙ УЛС НИЙГМИЙН АЖИЛТАН МЭРГЭЖЛИЙГ СОНГОЖ СУРАЛЦСАН 6000 МЭРГЭЖИЛТЭНТЭЙ
2025.03.19

МАНАЙ УЛС НИЙГМИЙН АЖИЛТАН МЭРГЭЖЛИЙГ СОНГОЖ СУРАЛЦСАН 6000 МЭРГЭЖИЛТЭНТЭЙ

Өчигдөр/2025.03.18/ нийгмийн ажлын салбар бүрийн төлөөллүүд “Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” уриан дор хамтын ажиллагааг бэхжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд идэвхийлэн оролцож, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр нэгдэж "Нийгмийн ажлын өдөр"-өө тэмдэглэлээ. Энэ үеэр салбарын хэмжээнд хийгдэж буй томоохон ажлуудыг танилцууллаа.

Улсын хэмжээнд нийгмийн ажилтан мэргэжлийг 6000 гаруй хүн сонгож суралцсан бөгөөд 1997 оноос өөрийн эх орондоо нийгмийн ажилтныг бэлтгэж эхэлсэн юм. Сүүлийн жилүүдэд нийгмийн хамгааллын салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлүүд эрчимтэй хийгдэж, нийгмийн ажлын онол, арга зүйд тулгуурласан судалгаа, шинжилгээний ажлууд эрчимжихийн хэрээр нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ, мэргэжилтнүүдийн ур чадварт тавигдах шалгуур, шаардлага улам нэмэгдсээр байна.

Энэ оноос хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн хүрээнд улсын хэмжээнд баг, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар болж Засгийн газраас 833 нийгмийн ажилтны орон тоог батлан хуулийг хэрэгжүүлж эхлээд байна.

2025 оны хоёрдугаар сард Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас шинээр сонгогдсон 620 орчим нийгмийн ажилтныг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтыг улсын хэмжээнд бүсчлэн зохион байгуулсан.

Анхан шатны нэгжид нийгмийн ажлын цогц үйлчилгээг үзүүлэхээр шинээр томилогдон ажиллаж буй нийгмийн ажилтнууд нь хүүхэд, гэр бүлийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх юм.