ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ "АТРЫН IV АЯН"-ЫГ НЭЭЛЭЭ
2025.03.27

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ "АТРЫН IV АЯН"-ЫГ НЭЭЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын санаачилсан “Атрын IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы нээлт боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллахдаа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд оролцож, “Атрын IV аян”-ыг албан ёсоор эхлүүлж буйг зарлав.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд 600 гаруй хөдөө аж ахуйн тариалан эрхлэгч оролцож, нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр тэргүүтэй Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд оролцлоо.

"Атрын IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 5 үндсэн зорилт, 12 арга хэмжээний хүрээнд 63 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.Тус аян нь ухаалаг, дэвшилтэд технологид суурилж, дотоодын хүнс, тэжээлийн хэрэгцээг хангахаас гадна экспортын чиг баримжаанд төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгох зорилготой. Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд хотоос хөдөөд шилжих залуу гэр бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон сууцжуулалтын бодлоготой уялдуулан хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн үеэр онцоллоо.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Атрын IV аян”-ы хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангахын тулд тариалалтын хэмжээ, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Нөгөө талаас хөрс хамгааллын бодлогоо шинэ түвшинд гаргаж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөртэй хамтран хөрсний үржил шимийг хамгаалан, ойн зурвас байгуулна. Таримлын зохистой сэлгээ, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттай нэвтрүүлнэ. Ургамал хамгааллын цогц арга хэмжээг төлөвшүүлнэ. Үр үржүүлгийн аж ахуйг цогцолбор байдлаар хөгжүүлнэ. Усалгааны дэвшилтэт техник, технологийг суурьшуулснаар нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэн үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 70 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл боломж бүрдэх юм.

Эрчимжсэн мал аж ахуйн салбарт мянган ашиг шимт үхрээр мал сүргээ баяжуулан, махны болон сүүний кластер бий болгоно. Энэхүү аяны өөр нэг томоохон ажил нь эрчимжсэн мал ахуйн суурь тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх юм. Үндсэндээ тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлд хувьсгал хийнэ. Малчин тариаланчдыг үйлдвэрлэгчидтэй шууд холбох нэгдсэн сүлжээ бий болгож, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүх оролцогчдыг хамтран хөгжих цогц хөдөлгөөн өрнүүлнэ. Эцэст нь Монгол Улс хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангаж, экспортод чиглэсэн XXI зууны хөдөө аж ахуйг бий болгох зорилтыг хэрэгжүүлнэ. Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар өнөөдөр нэг тэрбум ам.долларын экспорт хийж байгаа бол “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” болон “Атрын IV аян” гэсэн өөр хоорондоо уялдаатай хөтөлбөрүүдийн дүнд хоёр тэрбум экспорт хийж чадна” гэдгийг тэмдэглэлээ.