Д.Амарбаясгалан: УИХ анх удаа улсын төсвийн 1.2 хувийг шүүхийн байгууллагад төсөвлөж, батлаад байна
2025.02.06

Д.Амарбаясгалан: УИХ анх удаа улсын төсвийн 1.2 хувийг шүүхийн байгууллагад төсөвлөж, батлаад байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж Ховд аймгийн хууль, шүүхийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

Шүүхийн бие даасан байдлыг хангах, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сайжруулахын тулд УИХ анх удаа улсын төсвийн 1.2 хувийг шүүхийн байгууллагад төсөвлөж, батлаад байна. Шүүх шударга байх ёстойг бид шаарддаг бол нөгөө талдаа ажиллах орчин нөхцлийг нь сайжруулах ёстой. Тиймээс энэ оны төсөвт байргүй шүүхэд шинэ 5 байрны хөрөнгө оруулалтыг шийдсэн гэдгийг тэрбээр онцлов. 

Үргэлжлүүлэн тэрбээр “Янз бүрийн шалтгаанаар хэрэг, маргаан хугацаандаа шийдэгдэхгүй удах, нөгөө талаар заргаа алдсан тал нь шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байх зэрэг олон шалтгаанаар иргэд шүүхийн үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байх нь бий. Энэ нь шүүх засаглалд итгэх итгэлд нөлөөлж буйг ярьж байна. Тиймээс энэ оны төсвийн тухай хуулиар хууль, шүүхийн байгууллагууд нийт хэргийн 75.8 хувийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэх зорилт тусгагдсан байгаа. Энэ үзүүлэлт 2022 онд 72.9 хувь байсныг ийнхүү 2.9 хувиар ахиулахаар тусгагдсан” хэмээв.

Ховд аймгийн хууль, шүүхийн байгууллагынханы зүгээс шүүхийн байр стандартын шаардлага хангадаггүй, тээврийн хэрэгсэл ашиглалтын хугацаа дууссан учир баруун бүсийн 4 аймагт шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй үед очиж ажиллахад тээврийн хэрэгслийн техникийн аюулгүй байдал хүнд байгаа талаар ярьсны зэрэгцээ, давж заалдах шатны шүүхийн тогтолцооны хувьд харгалзан үзэх зарим нөхцөл байдлын талаар санал солилцлоо.