Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй танилцав
2022.03.25

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй танилцав

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.25\ нэгдсэн хуралдаанаарҮндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй танилцсанаар УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

Цэцийн дүгнэлтийг цэцийн гишүүн Ц.Нанзад танилцууллаа. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт "Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно" хэмээн заасан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна", 2 дахь хэсэгт "Хүнийг  эрхэлсэн ажил, албан тушаал,  боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна", Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй" гэж зааснийг зөрчсөн үзэж, иргэн Т.Ариунболд ҮХЦ-д хандсан юм. Үүнийг ҮХЦ өнгөрсөн сарын 18-нд хянан хэлэлцээд, Шүүхийн тухай хууль нь Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй хэмээн үзжээ.

Огцорсон, тэтгэвэрт гарсан шүүгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хуулиар хязгаарласан нь тухайн этгээдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан бусад эрхийг хөндөхгүй бөгөөд өмгөөллөөс бусад ажил, үйлчилгээ эрхлэх эрх нь нээлттэй гэлгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар онцолсон байна. Тэрбээр ҮХЦ-ийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон юм.

Тэрбээр, “Албан тушаалтан нь иргэнийхээ хувьд Үндсэн хуульд заасан эрхээ тэгш, ялгаварлан гадуурхагдалгүйгээр эдлэх боловч "шүүгч" гэдэг албан тушаалтны хувьд эдэлж байсан бүрэн эрх, ёс зүй, хариуцлагатай холбоотойгоор албан тушаалынх нь онцлогоос шалтгаалан зөвхөн өмгөөлөгчөөр ажиллахыг хориглосон хязгаарлалтыг хуулиар тавьж болно гэж үзэж байна. Хууль тогтоогч эрх зүйн байдлын хувьд илт давуу нөхцөл бүхий буюу эрх нөлөө, давуу байдлаа ашиглах боломжтой субъектэд ийнхүү ялгаатай зохицуулалт хэрэглэж, холбогдох шаардлагыг хуулиар тавих нь эрх зүйт төрийн суурь зарчмуудын нэг бөгөөд энэ нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах, шүүхийн нэр хүнд, шүүгчийн хараат бус байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна” гэжээ.

Мөн Монголын өмгөөлөгчдийн холбооноос, “Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах, хөдөлмөрийн насны иргэнд хамаарах заалт. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон энэхүү хориглосон заалт нь шүүн таслах ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, шүүхийн хараат бус байдлыг хамгаалах хуулийн зохицуулалт гэж үзэж байна" хэмээн ҮХ-д ирүүлсэн дүгнэлтэдээ онцолжээ. Улмаар уг заалт Үндэн хууль зөрчөөгүй хэмээн үзсэн гэдгийг дурдсан байна.