П.Батчимэг: Хуулиа батлагдахыг хүлээсээр байтал иргэд, хүүхэд залуус олноороо зам дээр гэмтэж, бэртэхийг харах амаргүй байна
2025.06.06

П.Батчимэг: Хуулиа батлагдахыг хүлээсээр байтал иргэд, хүүхэд залуус олноороо зам дээр гэмтэж, бэртэхийг харах амаргүй байна

Суррон унасан хүүхэд машинд мөргүүлсэн хэргийн мэдээллийг өдөр бүр шахам хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаас авч байна. 

УИХ-ын гишүүн П.Батчимэг суррон, скүүтерийн хэрэглээг зохицуулж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлтээр оруулах хуулийн төслийн санаачилан боловсруулж, холбогдох байгууллагууд, мэргэжилтнүүд,  энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг ААН-үүд болон олон нийтийн хэлэлцүүлгэг өрнүүлж, түүнээс гарсан бодит саналуудыг тусган эцэслээд УИХ-д хэлэлцүүлэхээр товоо хүлээж буй. 

Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан бодлоо хуваалцсаныг хүргэж байна.

Нийслэл хотод замын хөдөлгөөнд оролцох бичил тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй( суррон) скүүтерийн хэрэглээ хүүхэд залуус, иргэдийн дунд өдрөөс өдөрт улам нэмэгдэж буй. Аргагүй, энэ их түгжрэл, энэ их хөл хөдөлгөөнд ажил, сургууль, алба, амины ажлаа чадан ядан амжуулж явах тэдний буруу огт биш. Бага насны насанд хүрээгүй 10-14 насныхан тодорхой хувь хэрэглэж байна!

Хууль санаачлагчийн зүгээс уг бичил тээврийн хэрэгслийн өсөн нэмэгдэх хэрэглээ, хэрэгцээ шаардлага, өдөрт гарах осол аваар, гэмтэл бэртлийг нүдээр харах, сошиалаар үзэж сонсох хэн хүнд амаргүй байна. Хэдий болтол иргэд, хүүхэд залуусаа гэмтээж, хэдий болтол түүнийг дагасан олон олон сөрөг үр дагаврыг мэдсээр байж, дүлий мэт “хуучинсаг” Венийн конвенци ярьж, дүрэмдэж, журамдаж, амьдралд үл биелэх хуулиас дээгүүр мөрдөгдөх дүрэм, журам, стандарт сурталчилж, иргэдийн мэдэх эрхэнд халдаж, мэдээллийн хэрэгслээр дүрэм журмыг хууль мэт тайлбарлаж, торгож, шийтгэж, хориглож, хураах мэтээр ам таглаж хойш суудаг төрийн байгууллагууд, төрийн албан хаагчдын цааргалсан, ойлгомжгүй шийдвэрийг цаг хугацаа хүлээх үү.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулж хууль батлуулах нэн шаардлагатай байна! Засаг төр нь тогтворгүй, иргэд нь ядуу, ажилгүй, орлогогүй, татварын дарамтанд өрнөөс өрний хооронд хэдий болтол “золиослогдож” амьдрах юм бэ.

Хуулиа дагасан замын асуудлыг шийдэж байж, хуулийн хэрэгжилт яригдана. Эрүүл аюулгүй орчинд иргэд нь амар тайван амьдрах зорчих эрхийг төр хариуцах ёстой. Хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа асуудлыг зөвхөн хуулиар зохицуулдаг учраас шинэ тутам үүссэн бичил тээврийн хэрэгслийн зохицуулалт ч хууиар зохицуулагдах ёстой.