
Ж.Золжаргал: Парламентын үйл ажиллагааг цахимжуулах талаар энэ улсаас суралцах зүйл их бий
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүд, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх айлчлалын үр дүнгийн талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
"Парламентын ардчиллын 1000 жилийн түүхтэй энэ улсаас сурах зүйл маш их бий. Тэр дундаа орчин үеийн технологийг ашиглаад парламентын үйл ажиллагааг цахимжуулах тал дээр Их Британи Улс сонирхолтой зүйл их хийж байна. Манай Улс 2022 онд иргэдийн оролцоог цахимаар хангах D-Parliament талбарыг нэвтрүүлсэн. Үүнийгээ бид тухайн үед Их Британийн парламентын иргэдийн өргөдөл гомдол, хуулийн төсөлд санал авдаг цахим системийг олон үлгэр жишгийн нэг болгон авч үзсэн байдаг. Хоёрдугаарт, кибер аюулгүй байдлын асуудал эдүгээ онцгой чухлаар тавигдаж байна. Бид Их Британийн энэ асуудлыг хариуцсан, үүнтэй холбоотой хүмүүстэй уулзаж, мөн цуврал хурал зөвлөгөөнд оролцож, мэргэжилтнүүдээс дэмжлэг авах, туршлага хуваалцах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар боллоо" гэв.