Хууль олдсонгүй байна.
2025.03.28
С.Цэнгүүн: Эрчим хүчний шинэчлэл нэгдсэн бодлогоор уягдаагүйн улмаас гацаад байна
УИХ-ын чуулганы /2025.03.28/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
Олон жил гацсан энэ реформыг хийхийн тулд Шадар сайд, Эрчим хүчний сайд болон 3 намаас тус бүр 2 гишүүн оролцсон Эрчим хүчний Үндэсний хороо байгуулагдсан. 2024 онд бид бодлогоо тодорхойлоод салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, зах зээлийн зарчимд шилжүүлж либералчлах бодлогоор дамжуулан гадны хөрөнгө оруулалтуудыг татах, үнийн бодлогыг шинэчлэх, эрчим хүчний компаниудын алдагдлыг бууруулж, менежментийг сайжруулаад олон нийтэд нээлттэй компани болгоно гэсэн бодлогоо гаргасан. Гэтэл 6 сар өнгөрөхөд үнэ тарифаа өртөгт нийцүүлэхээс өөр ямар нэгэн дорвитой өөрчлөлт гараагүйг олон нийт шүүмжилж байгаа. Үүний үндсэн шалтгаан нь бодлого дээрээ нэгдэж чадахгүйд байна. Урт хугацааны тогтвортой гэрээ байгуулаад төр, хувийн хэвшлийн хамтралаар чадалтай том станц барих тактик яригдаад байгаа. Монгол орон маань өргөн уудам нутагтай, хүн ам нь тархай бутархай суурьшдаг. Тиймээс жижиг суурингуудад тархмал эх үүсвэрүүдийг тавиад микро сүлжээг бий болгох нь санхүүгийн хувьд өртөг зардал багатай. Нэг 600 мб-ийн станц байснаас 50 мб-ийн жижиг станцууд байвал олон тоглогч нар орж ирэхэд бодит өрсөлдөөн бий болно. Энэ асуудлуудаа ярилцаад, үний бодлогоо хэрхэн либералчлахад анхаарах нь зүйтэй. Харин үнэ чөлөөлөлт явагдаагүй. Өртөгт нийцүүлнэ гээд үнэ тариф нэмэгдсэн асуудал бий. Ингээд бодлого маань нэгтгэж өгч чадахгүй байгаа юм. УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээр ахлуулсан Хууль эрх зүйн орчны шинэчилсэн найруулгын ажлын хэсэг, ЭХЯ дээр төслийн баг ажиллаж байна гэж сонссон. Хэд хэдэн газар ажлууд явж байгаа юм байна. Ерөнхий сайдаас асуумаар байна. Эрчим хүчний бодлого хаана зангидагдаж байна, мэдээллүүд хаана нэгтгэгдэх ёстой юм, шийдвэр гаргалтууд хаана хийгдэхийг тодорхой болгож өгөхгүй бол реформийн үндсэн асуудлууд шийдэгдэхгүй байна.
Мөн ЭХ-ний сайдаас асууя. Үнэ тарифт өөрчлөлт орсноос хойш салбарын ажилчид цалингийн асуудлаар их ярьж байна. Гишүүний хувьд ЭХЗХ-оос асуухад сүүлийн 2 жил 10 орчим хувиар нэмсэн ч уг мөнгө нь байгаагүй тул өр төлбөр хэлбэрээр явуулсан. 2024 онд энэ өр төлбөрийг барагдуулсан гэж хариулсан. Мөн инженер техникийн ажилтны болон цахилгааны ажилтан 2-ын цалин ямар ялгаатай вэ? Дундаж цалин хэд байгааг асууя.
Түүний асуултад ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хариуллаа