
ЭЗБХ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.16) хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.
Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар нь гадаад ертөнцтэй холбогдох гол гарц болон үндэсний аюулгүй байдлын тулгуур хүчин зүйл болдог. Иймээс Засгийн газраас агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцон төрийн бодлогоор дэмжин ажиллаж байна.
УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 1 дүгээр зүйл “Боомтын сэргэлт” хэсгийн 1.3-т “Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлахыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалын салбарыг дэмжинэ” гэж тусгайлан заасан.
Түүнчлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зам, тээврийн салбарын болон боомтын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр үндсэн таван зорилт дэвшүүлж, Монгол Улсыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан, эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, агаарын зайн ашиглалтыг сайжруулан, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлахыг үе шаттайгаар хэрэгжүүлж, ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалыг дэмжих зорилт тавьсан.
Монгол Улсад агаарын хөлгийн үйлчилгээ эрхэлж буй дотоодын 20, гадаадын 7 буюу нийт 27 авиакомпани байгаас 2024 оны байдлаар нийт нислэгийн тоо 91,781 болж өмнөх оны мөн үеэс 44.6 хувиар, олон улсын хөөрөлт, буултын тоо 12,990 болж 34.5 хувиар, орон нутгийн хөөрөлт, буултын тоо 10,967 болж өмнөх оны мөн үеэс 6.3 хувиар тус тус өссөн бөгөөд нийт 2,167,300 зорчигч тээвэрлэснээс олон улсад 1,746,900 зорчигч, орон нутагт 420,400 зорчигч тус тус зорчсон байгаа нь 2023 онтой харьцуулахад олон улсын чиглэл 25 хувь буюу 435 мянган зорчигчоор, орон нутгийн чиглэл 0,25 хувь буюу 1000 зорчигчоор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Ачаа тээврийн хувьд 2024 оны байдлаар 10,365 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд 2023 онтой харьцуулахад ачаа 21 хувиар тус тус өссөн байна.
Аялал жуулчлал, эдийн засгийн идэвхи нэмэгдэж байгаа нь 2028 он хүртэл зорчигч, ачаа тээвэрлэлт тогтвортой өсөлттэй байх төлөвтэй бөгөөд агаарын тээврийн зорчигч тээврийн тоо 2024 онд 2,2 саяд хүрсэн бол 2028 онд 2,55 сая хүрэх төлөвтэй байгаа гэлээ.
Өнөөгийн байдлаар манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн 5 жилд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал: 2021 онд 27,879 тонн, 2022 онд 38,492 тонн, 2023 онд 61,719 тонн, 2024 онд 69,984 тонн хүрч тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.
Энэхүү өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хадгалахаас гадна иргэдэд хүрэх нислэгийн тийзийн үнэ буурахад тодорхой хувиар нөлөөлөл үзүүлэх боломжтой хэмээн Ц.Туваан сайд танилцуулав.
Агаарын хөлгийн тээврийн үйлчилгээ авч буй иргэдэд хүрч буй тийзийн үнийн 36 орчим хувь нь агаарын хөлгийн түлшний үнээс, харин агаарын хөлгийн шатахууны үнийн 86 орчим хувь нь хил үнээс тус тус шууд хамаардаг байна.
Манай орон хөрш хоёр улстай хуурай боомтоор хиллэдэг, далайд гарцгүй орны хувьд агаарын тээвэр нь чухал ач холбогдолтой бөгөөд агаарын хөлгийн түлшийг ОХУ-аас төмөр замаар их хэмжээгээр Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх боломжтой. Харин БНХАУ-аас онгоцны түлш худалдан авахад төмөр замын царигийн зөрүүтэй байдлаас шалтгаалан Замын-Үүд боомтоор, шилжүүлэн ачих байгууламжаар дамжуулан авах бөгөөд одоогоор онгоцны түлшийг хадгалах зориулалтын сав, насос станц, дотоодын тусгай вагонцистерн байхгүй гэв. Мөн БНХАУ-аас нийлүүлэгдэх онгоцны түлшний стандартын хувьд Жет-А түлш бөгөөд өнөөдөр ашиглалтад ороод байгаа Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжид ТС-1 агаарын хөлгийн түлштэй хамтад нь ашиглах технологийн шийдэл анхнаасаа төлөвлөгдөөгүй хэмээлээ.
Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, тэр дундаа агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомстол үүсэж болзошгүй хэмээн Ц.Туваан сайд танилцуулсан.
Иймд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой нийлүүлэх боломж бүрдэнэ гэв.
Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын зүгээс агаарын тээврийн салбарт хамтран ажиллах талаар өмнө нь удаа дараа хүсэлтээ илэрхийлсээр ирсэн бөгөөд Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан айлчлалын үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг байгуулж, хэлэлцээрт Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар урьдчилсан байдлаар гарын үсэг зураад байгаа гэв.
Энэхүү хэлэлцээр нь Монголын тал хуульд заасан дотоодын процедурыг хангаж, зохих шийдвэр гарсны дараа үйлчилж эхлэх бөгөөд тус хэлэлцээрт агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлт, татварын тогтвортой байдалтай холбоотой заалтууд орсон байх тул Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, холбогдох шийдвэр гаргуулах шаардлагатай хэмээлээ. ОХУ-ын зүгээс энэхүү 2 хэлэлцээр хамтдаа хүчин төгөлдөр үйлчлэх талаар мэдэгдсэн бөгөөд Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг танилцуулж байгаа гэлээ.
Сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Л.Соронзонболд гишүүн түлш ашиглах технологийн шийдэл болон “Эрчис Ойл” ТӨХХК-ийн талаар тодруулахад Ц.Туваан сайд “2028 онд манай газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 80000 орчим тонн агаарын хөлгийн түлш үйлдвэрлэх тооцоолол бий. Тэр хүртэл импортоор авах шаардлага үүсч байгаа бөгөөд БНХАУ-аас авах тохиолдолд төмөр замын тээврийн нөхцөл шаардлага хангах боломжгүй байгаа учраас ОХУ-аас авах юм. Чингис хаан нисэх онгоцны буудал дахь цэнэглэх гидрант систем нь тус улсаас импортолдог ТС-1 маркын шатахуунаар цэнэглэгдсэн байгаа. Цаашдаа БНХАУ-аас Жет-А түлш импортолно” хэмээн хариуллаа. “Эрчис Ойл” нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 100 хувийн хувьцаатай төрийн компани хэмээн тодотгов. Р.Батболд гишүүн гэрээний хугацаа болон нисэх дэх шатахууны агуулахын эзэмшигчийн талаар асуулаа. Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан айлчлалын үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг байгуулах үеэр дагалдуулж энэ хэлэлцээрт гарын үсэг зурсан, 20 жилийн хугацаатай болохыг сайд хэлэв. Өмнө нь энэ талаарх хэлэлцээр байгуулж байгаагүй, нөхцөл байдлаас шалтгаалан импортын асуудалд бэрхшээл үүсэх эрсдэлээс хамгаалж хэлэлцээр байгуулсан гэлээ. Өнөөдрийн байдлаар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр 1 тонн онгоцны түлш 3.5 сая орчим төгрөгөөр цэнэглэгддэг, ОХУ-ын Москва хотод 900 гаруй ам.доллар, БНХАУ-ын Бээжин хотод 900 гаруй ам.доллартой дүйцэхүйц өртөгтэй байгааг дуулгав. Нисэх дээр байгаа байгууламж “Эрчис ойл” ТӨХХК-ийн эзэмшилд ирснийг мөн хэллээ.
Б.Найдалаа гишүүн, 20 жилийн хугацаатай энэ гэрээний төслийн хүрээнд Монгол Улс нэлээд их үүрэг хүлээсэн байгааг шүүмжиллээ. Нөхцөл хатуу, урт хугацаатай, Монгол Улсын энэ төрлийн харилцааг гэрээний хугацаанд хязгаарлахуйц үр дагавартай харагдаж байгааг хэлээд тодруулга хийсэн юм. Гэрээнд “тасралтгүй, тогтвортой, саадгүй” гэснээс өөр “хямд” ч гэх юм уу, улмаар нислэгийн тийзийн үнэд эергээр нөлөөлөх өөр давуу тал бий эсэхийг лавлав. Монгол Улс нефть бүтээгдэхүүнийхээ 96 хувийг ОХУ-аас импортолдог, агаарын хөлгийн түлшээ 100 хувь авдаг, өөр сонголт байхгүй хэмээгээд Ц.Туваан сайд “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой буюу тасралтгүй нийлүүлэлт, хангамжийн асуудал маш чухал” гэдэг хариултыг өгсөн. Монгол Улсын тал их олон үүрэг хүлээсэн атлаа санхүүгийн өгөөжгүй, 20 жилийн хугацаатай гэрээ байгуулах шаардлагатай эсэхийг дахин нэг нягтлахыг Б.Найдалаа гишүүн хэлж байв. Хэлэлцээрийн нөхцөл Монгол Улсын талд огт ашиггүйн дээр агаарын орон зайгаа гадны улстай хамтарсан компанийн мэдэлд оруулах эрсдэлтэй хэмээн үзэж буйгаа О.Цогтгэрэл гишүүн илэрхийлсэн. Хэлэлцээрийн төслийн 4.2-т “Хамтарсан компани нь “Чингис хаан” нисэх буудлын агаарын хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой, саадгүй хангах болон агаарын хөлгийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор цогцолборыг удирдах болон ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх” хэмээснийг тэрбээр онцоллоо. Хэлэлцээр байгуулсны дараа Монгол Улсын 60 хувийн, ОХУ-ын 40 хувийн эзэмшлийн компани байгуулах асуудал яригдана гэдгийг сайд хэлээд “Монголын талын компани хэрвээ асуудал үүсвэл 60 хувийнхаа давуу эрхийн хүрээнд компанийн удирдлагыг зохицуулах боломжтой. Удирдах гэдэг нь цэнэглэлт болон дотоод үйл ажиллагаа удирдах гэдэг агуулгатай” гэдэг тайлбар өгсөн. 20 жилийн турш ямар ч өөрчлөлт орохгүйгээр тогтвортой хэрэгжих хэмээн тодотгосон энэ хэлэлцээрээр тухайн хугацаанд Монгол Улс өөр эх үүсвэрээс түлш импортолж ашиглах тохиолдолд хамтарсан компани “хөлгийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор цогцолборыг удирдах болон ашиглаж” байгаа учраас олон эрсдэл үүснэ гэдгийг О.Цогтгэрэл гишүүн хэлээд сайдын хэлж буй нөхцөлүүд хэлэлцээрт тодорхой, бүрэн туссан байх ёстой гэдэг байр суурь илэрхийлээд тулган шаардалт хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.
Ж.Алдаржавхлан гишүүн О.Цогтгэрэл гишүүний байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнээ аль болох олон эх үүсвэрээс, олон талаас зах зээлийн горимоор авч байх нь зохистой гэдэг санал хэлсэн. Агаарын хөлгийн түлш нийлүүлэлтийг хувийн хэвшил зах зээлийн зарчмаар шийдвэрлэдэг байсныг “Эрчис Ойл” гэдэг компани байгуулаад, гадаад улстай хамтарсан төрийн компани байгуулах замаар агаарын хөлгийн түлшний бизнесийг төр эрхлэх юм байна хэмээн Б.Жаргалан гишүүн хэлээд ““Эрчис Ойл” болон “Роснефть”-ийн хамтарсан компани хувь, эзэмшлийн талаарх зохицуулалт хэлэлцээр дээр огт тусгагдаагүй байна. “Роснефть” манайд бөөнөөр бараа нийлүүлээд зогсохгүй дотоодын жижиглэнгийн худалдаанд оролцох эрхээ энэ агаарын хөлгийн түлшний салбарт авах нь байна. Тодорхой хугацааны дараа “болохгүй нь ээ” гээд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнийг зах зээлд хамтарсан компаний нэрээр үйл ажиллагаа эрхлээд эхлэх нь гэдэг болгоомжлол төрж байна” гэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, Ц.Туваан сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Н.Батсүмбэрэл, Б.Жаргалан, П.Сайнзориг, О.Цогтгэрэл, Ц.Туваан нар үг хэлсний дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлгээс ажлын гурав хоногийн завсарлага авах хүсэлтийг О.Цогтгэрэл гишүүн танилцуулсан юм. Байнгын хорооны дарга Р.Сэддорж завсарлагын хугацааг ажлын гурав хоног байхаар тогтоолоо.
Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцууллаа.
Уул уурхайн салбар 2024 оны жилийн эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 26 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 81 хувь, экспортын орлогын 94 хувь, төсвийн орлогын 34 хувийг тус тус бүрдүүлсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2025 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 3,715.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 120.4 (3.1 хувь) сая ам.доллароор буурсан байна. Экспорт, импортоос давамгайлж 294.0 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарсан боловч экспортын орлого өмнөх оны мөн үеэс 235.4 (10.5 хувь) сая ам.доллароор буурч 2,004.9 сая ам.долларын гүйцэтгэлтэй байгаа аж.
Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43.0 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалаад байна. “Монголын хөрөнгийн бирж” ХК-д бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч 21 компани, 471 гэрээ байгуулсан худалдан авагчид бүртгэлтэй байдаг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар хамгийн их бүтээгдэхүүн арилжсан сар нь 2024 оны 04 дүгээр сард бөгөөд нийт 55 удаагийн арилжаагаар 4.2 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 951.5 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна.
Гэсэн ч дээрх эрх зүйн зохицуулалтуудын хийдэл болон хоорондын уялдаагүй байдлаас үүдэн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаа зогсонги байдалд орох, биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлогыг хязгаарлах зэрэг сөрөг үр дагавар байсаар байгаа нь цаашлаад Үндэсний баялгийн санг арвижуулахад бэрхшээл үүсгэх эрсдэлтэй байна хэмээн Ц.Туваан сайд танилцуулгадаа дурдсан.
Тухайлбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны дүнгээс үзэхэд тухайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, үнэ өсөх үед арилжаа өссөн бөгөөд 2023 оны 12 дугаар сард нүүрсний үнэ 816,000 төгрөг хүрэх үед биржийн арилжаагаар 1.9 их наяд төгрөгийн нүүрс арилжсан байна. 2025 оны 02 дугаар сарын байдлаар нүүрсний үнэ 30 хувиар буурч 568,800 төгрөг болоход биржийн арилжааны тоо өмнөх оны мөн үеэс 9 дахин буурсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2024 оны I, II сард нийт 3.9 сая тонн нүүрсийг 1.8 их наяд төгрөгөөр арилжаалж байсан ба тухайн хугацаанд нэг арилжаанд дунджаар 6 худалдан авагчид оролцдог байсан бол 2025 оны I, II сард нийт 428.8 мянган тонн нүүрсийг 122.9 тэрбум төгрөгөөр арилжаалаад байгаа ба нэг арилжаанд дунджаар 1-2 худалдан авагч оролцож байгаа нь эрэлт огцом буурсан байгааг илтгэж байна хэмээн хууль санаачлагч илтгэлдээ дурдав.
Уур уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “төрийн болон орон нутгийн өмчит өмчит төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулах энэ хуулийн 10.1-д заасан уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэж заасан бөгөөд үүнтэй холбоотойгоор төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд нь дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулах боломжгүй нөхцөл үүсээд байгаа аж. Тухайлбал, “Эрдэнэс критикал минералс” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д дээрх хүндрэл үүсээд байгаа гэлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжаалах эрх зүйн орчин бүрдээгүй байгаатай холбоотойгоор 15-40 хувийн төмрийн агуулгатай, 2.5 сая тонн хэмжээтэй, ойролцоогоор 42 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий төмрийн хүдэр завсрын бүтээгдэхүүний овоолго үүсээд байгааг дуулгасан.
Өнөөгийн байдлаар төмрийн хүдэр завсрын бүтээгдэхүүн хадгалах агуулах талбайн дүүргэлт 87 хувьтай байгаа ба цаашид тасралтгүй нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ хэмээв. Эдгээр үйлдвэрт 2024 онд дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрүүдээс 1.5 сая тонн бүтээгдэхүүнийг худалдан авах захиалга ирсэн байгааг борлуулах эрх зүйн орчныг бүрдүүлснээр 33 тэрбум төгрөгийн орлого олж, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, татвар хураамж нэмэгдэх юм байна. Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгэгдсэнээр 2025 оны 3 дугаар сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй 49 баяжуулах үйлдвэр бүртгэлтэй байгаагаас нүүрсний 11, төмрийн 19, хайлуур жоншны 19 үйлдвэр байгаа аж. Мөн 2024 онд 27 баяжуулах үйлдвэр, 2025 онд 18 баяжуулах үйлдвэр үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулахаар ирүүлсэн бөгөөд эдгээр үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 2022 онд 12.2 тэрбум төгрөг, 2023 онд 11,7 тэрбум төгрөг, 2024 онд 2,8 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн нь буурсан үзүүлэлт аж. Түүнчлэн Уул уурхай бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “биржийн арилжааны үнийг хил залгаа улсын хилийн боомтын үнээр зарлана”, мөн “биржийн арилжааны явцад талууд биржээс зарласан үнийг зөвшөөрснөөр гэрээний үнэ тогтоно” гэж хатуугаар зохицуулсан нь тус хуулийн 14.2 дахь заалттай зөрчилдөж байгаа хэмээлээ.
Нүүрсний үнэ 2023 оны 7 сарын 01-нээс 2024 оны 01 сарын 01 хүртэл 47 хувь өссөн бол 2024 оны 01 сарын 01-нээс 2025 оны 01 сарын 01 хүртэл 44 хувь буураад байгаа гэв. Энэхүү үнийн уналтаас шалтгаалж биржээр арилжаалагдсан 727,5 сая амдолларын үнэ бүхий 31 гэрээний 6,83 сая тонн нүүрсний татан авалт хийгдэхгүй, Ганц мод боомтын агуулахад 4,3 сая тонн нүүрс хуримтлагдсан байна.
Биржийн форвард гэрээний хэрэгжилт нэг хүртэл жил үргэлжилдэг бөгөөд тус хугацаанд үүсэх үнийн хэлбэлзэл нь худалдагч, худалдан авагч талуудад эрсдэл үүсгэх эрсдэлтэй байгааг хууль санаачлагчийн илтгэлд дурдав. Үнийг индексжүүлснээр зах зээлийн тусгал илүү бодитой болж, талуудад үүсэх эрсдэл буурах боломж бүрдэнэ гэлээ. Худалдааны нөхцөлийг нэмэгдүүлэх, үнийг индексжүүлэх боломжийг бүрдүүлснээр нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн баяжмал зэрэг уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг зах зээлийн бодит өрсөлдөхүйц үнээр борлуулах арилжааны хэмжээ нэмэгдэж гэрээний хэрэгжилт хангагдана гэж үзэж байгаа юм байна. Түүнчлэн уур уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны худалдааны хүргэлтийн нөхцөлийг зөвхөн хил нөхцөлөөр борлуулахаар хуулиар зохицуулсан нь бүтээгдэхүүний зах зээлийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгаа гэв.
Иймд эрдэс баялгийг олон улсын стандартын дагуу ашиглаж борлуулах, түүнээс олох орлогыг үндэсний эдийн засгийн бие даасан байдлыг хангах, олон тулгуурт эдийн засгийг дэмжих хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 3 зүйлтэй хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр бэлтгэжээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, О.Батнайрамдал, Р.Батболд, О.Цогтгэрэл, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан, П.Сайнзориг, Р.Сэддорж нар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь гишүүд хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, П.Сайнзориг, Л.Мөнхбаясгалан, Р.Сэддорж нар хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Б.Жаргалан гишүүн, Монгол Улс цаашдаа уул уурхайн түүхий эдийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа сайжруулах, тогтолцоог оновчтой болгох шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн. О.Батнайрамдал гишүүн, үүсээд буй асуудлыг хууль өөрчилснөөр шийдэхгүй, харин менежментийн өөрчлөлтөөр шийдэх боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.
Ийнхүү Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 60 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр ил санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хянан шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, О.Батнайрамдал, Б.Жаргалан, Б.Мөнхсоёл, Н.Батсүмбэрэл, Б.Найдалаа, Ж.Алдаржавхлан нар ажиллана.