“МОНГОЛ УЛС ДАХЬ ГАДААД ИРГЭДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн, Гадаадын иргэн, харьяатын газраас хамтран зохион байгуулж буй “Монгол Улс дахь гадаад иргэдийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.
Тус эрдэм шинжилгээний хурлыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нээж үг хэлэв. Тэрээр “Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь өнөөгийн даяаршлын эрин зуунд улс орнуудын хил хязгаар улам нээлттэй болж, хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр гадаадын иргэдийн эрх зүйн байдал, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, соёлын дасан зохицол, нийгмийн интеграци зэрэг нийгмийн олон салбарт хамаарал бүхий, цаг үеийн чухал асуудлыг хөндөн хэлэлцүүлж байгаа нь чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.

Мөн тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг “Гадаад иргэдийн хяналт, бүртгэлийн тогтолцоог сайжруулахад баримталж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Монгол Улс дахь гадаадын иргэдийн эрх зүйн зохицуулалт, төрийн байгууллагуудын хяналт, бүртгэлийн үйл ажиллагаанд тулгарч буй сорилт, хууль тогтоомжийн хэрэгжилт, олон улсын жишиг, сайн туршлагыг судалж, холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчдын төлөөллүүдийн дунд санал солилцох, бодлогын түвшинд шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулсан юм.
Холбоотой мэдээ
2025.05.01
2025.04.30
2025.04.25