УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Бид эмэгтэйчүүд” форумд үг хэлэв
2025.05.21

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Бид эмэгтэйчүүд” форумд үг хэлэв

Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг манлайлах бололцоог сурталчлах “Бид эмэгтэйчүүд” форум өнөөдөр /2025.05.21/ болж байна. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ХҮН намын эмэгтэй гишүүдээ төлөөлөн үг хэллээ.

Тэрбээр "Хүндэт зочид, эрхэм Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчиддөө энэ өдрийн мэнд хүргэе!

Эх орныхоо өнцөг булан бүрт иргэдийг төлөөлөх хүндтэй үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэж буй Та бүхэндээ талархал илэрхийлье!
​Энэхүү форумыг хамтран зохион байгуулж буй МАН, АН, ҮЭ, ИЗНН-д талархлаа илэрхийлье.

​Монгол Улс нь Парламентын засаглалтай ардчилсан Бүгд найрамдах улс бөгөөд Парламентын ардчиллыг бэхжүүлэх замаар Монголын ардчиллыг хамгаална гэсэн итгэл үнэмшил бидэнд байдаг. Ялангуяа хөрш орнуудын засаглалын хэлбэр болон манай бүс нутагт үүсээд буй дайны нөхцөл байдал нь хариуцлагатай, илүү дэвшилтэт бодлого явуулж, Монголын ардчилал болон улстөрийн инстүүцийн хөгжилд шинэ жишиг тогтоохыг шаардаж байна.

​Түүнчлэн, Монгол Улсын улс төрийн орчныг цэвэр тунгалаг байлгах, нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэж, тэгш оролцоотой, шударга ёсыг эрхэмлэсэн хүмүүнлэг ардчилсан, тэнцвэртэй нийгмийг цогцлоон байгуулах үйлсэд ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН үүрэг оролцоо онцгой чухал ач холбогдолтой гэж ХҮН нам үздэг. Энэ бол ХҮН намын дотооддоо баримтлах соёл, улс орны хөгжлийн асуудалд хандах зарчим, итгэл үнэмшил билээ.

Хүүхдийн эрх, гэр бүлийн асуудал, эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмж гэх мэт нийгмийн олон асуудлыг бодит хөрсөн дээр нь мэдэх хүмүүс нь ээжүүд, эмэгтэйчүүд өөрсдөө бөгөөд тэд шийдлийн төлөө явдаг, мөн оновчтой шийдлийг ч санал болгодог билээ.

​Иймээс ХҮН нам Эмэгтэй манлайлагчдыг дэмжих “ХҮН 50:50” бодлогыг 2022 оны 11-р сарын 4-ний өдөр албан ёсоор зарлаж байсан билээ. Эмэгтэйчүүд улс төрд олноор оролцсоноор өнөөдөр бидний тулгамдсан нийгмийн олон асуудлууд шийдэгдэж, авлига, хулгай буурах, парламент, орон нутгийн удирдлагын асуудалд хандах арга барил, соёл өөрчлөгдөнө гэж бид үздэг.

ХҮН Намын хувьд 2024 оны УИХ-ын нийт 126 нэр дэвшигчдийн 57 нь буюу 45 хувь нь эмэгтэй, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 30 орчим хувь нь мөн эмэгтэйчүүд байсан бөгөөд өнөөдөр УЗ-ийн нийт 18 гишүүний 44 хувь нь эмэгтэй, гүйцэтгэх зөвлөлийн 30% нь эмэгтэйчүүд сонгогдон ажиллаж байна.
Цаашид ХҮН намын зүгээс шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дараах 3 түвшинд үргэлжлүүлэн ажиллана.

  • Хууль эрх зүйн орчны хувьд: Сонгуулийн тогтолцоонд порпорциональ элементийг нээлттэй болгосноор сонгуулийн зардлыг бууруулж, санал гээгддэг байдлыг багасгаж цаашлаад УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэргээр эмэгтэйчүүд, залуучууд улс төрд орох суурь нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд энэ дэвшлийг орон нутгийн сонгуульд мөн бий болгох ёстой юм.
  • Улс төрийн намын түвшинд: ХҮН нам дотоод үйл ажиллагаа, шийдвэр гаргах түвшиндээ эмэгтэйчүүдийн оролцоог бодитоор нэмэгдүүлсээр байна. Тухайлбал, Намын эрх барих дээд байгууллага болох Их хурлын төлөөллийн багадаа 40% нь эмэгтэй байхаар дүрмэндээ шинэчилж оруулах, нэр дэвшигчдийн 50% нь эмэгтэй байх зэрэг ажлуудыг хийнэ. Улс төрд эмэгтэйчүүд ороход хамгийн түрүүнд тулгардаг бэрхшээлүүдийн нэг бол намын нүсэр бүтцийг санхүүжүүлэх асуудал байдаг. Тэгвэл ХҮН нам үйл ажиллагаагаа нүсэр бус төсөр байдлаар зохион байгуулж, цахим шийдлүүдийг ашиглан ХҮН бүрт нээлттэй, хүртээмжтэй байлгахыг зорьж ажиллаж байна.
  • Нийгмийн хэвшмэл ойлголтыг арилгах чиглэлд: Тухайлбал, бүх аймаг, дүүргийн намын хороодын төлөөллийг оролцуулсан "Жендэрийн манлайлагч"-ыг бэлтгэж орон даяар нийгмийн хэвшмэл ойлголтыг арилгах чиглэлд нөлөөллийн ажлуудыг хийсээр байна.

Нийслэл, аймаг, хороод, сум, дүүргийн хэмжээнд ХҮН нам дараах ёстой цогц хөтөлбөрийг дараах үе шаттай хийж, хэрэгжүүлнэ. Үүнд: Улс төрийн орчин, сонгуулийн тогтолцоог эмэгтэй манлайлагчдад ээлтэй болгох, сонгуулийн мөнгөний хүчин зүйлсийг эрс бууруулах, нэр дэвшигчийн шийдвэр гаргах явцыг ил тод болгох, намын дотоод чадавхийг хөгжүүлж, зөв соёлыг бэхжүүлэх, эмэгтэй манлайлагчдыг татах, оролцоог дэмжих, сургаж хөгжүүлэх, олон нийтэд таниулах зэрэг ажлуудыг хийх болно. Энд дурдагдаж буй зарим асуудлууд бүх улс төрийн намуудад хамаатай, хууль эрх зүйн орчныг сайжруулахад дэвшлийг хамтдаа авчрах ёстой юм.

​ХҮН нам дэвшилтэт бодлоготой, хүндээ ээлтэй, тэгш боломжтой, эрүүл нийгмийг бүтээхийг зорьж буй улстөрийн хүчний хувьд үгээр бус үйлдлээрээ манлайлж ажиллах ёстой. Энд эмэгтэйчүүд бидний хүчтэй оролцоо мөн маш чухал.

​Энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүд, дүүрэг, хороод, аймаг сумдад амьдран суугаа нийт эмэгтэйчүүдээ “Бид эмэгтэйчүүд” форумдаа амжилттай оролцохын хүсэн ерөөе!

Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж буй жагсаж буй залуустаа хүндэтгэл үзүүлье!

​Эмэгтэйчүүд чадна! Баярлалаа!" гэв.