Чонон сүргийн сүүлчийн улиан
2011.04.05

Чонон сүргийн сүүлчийн улиан

Яг ийм мессежийг судлаачид болон чононууд бидэнд өглөө. Ц.Балдоржийн нэрэмжит "Эко танхимд энэ өдөр Монгол орондховордож буй амьтдын нэг болсон чонын талаар ярилцахаар цуглав. Энэ удаагийн ярилцлага УИХ-ынгишүүн Г.Баярсайхан, ХААИС-ийн Экологи, технологийн хөгжлийн сургуулийн профессор Н.Эрдэнэцогт, Монголын мэргэжлийн анчдын холбооны гүйцэтгэх захиралХ.Бадам, Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн О.Дамдинсүрэн зэрэг хүн оролцлоо.


...Бэлтрэгээ суйлуулж, сүргийнхээ магадгүй талыг алдсан чононууд эргээд малчдын хот руу дайрч эхлэв. Монголчууд эрт үеэс хэрэв чоно хотонд халдвал цаг муудаж, гай зовлон нүүрлэхийн цондон хэмээн үздэг байв. Чоно хүнээс дутахгүй "санаатай"  гэдэг үгийн учир энэ байж болох. Уг нь чоныг бусад амьтантай харьцуулахааргүй ухаантай гэдгийг шинжлэх ухаан хэдийнэ тогтоосон. Гэхдээ тэдэнд барилга барих, машин үйлдвэрлэх, бусдыг буудах ухаан байхгүй. Энэ утгаараа жийптэй, буутай, онгоцтой, морьтой хүмүүсийн өмнө хүч мөхөсдөж байна. Үнэндээ Монголын чоно галзуурсандаа, ухаан нь солиорсондоо хүн рүү ойртож, хот руу нь дайрах эрсдэлтэй алхам хийгээгүй. Ой тайгад, хээр талд нь барьж идэх амьтан, хоол хүнс байхгүй болсонтой холбоотой гэдгийг судлаачид баталж байгаа юм. Хийморьлог энэ амьтдад өнөөдөр малаас өөр хоол олдохгүй болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

-ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтдийн тооцоогоор 1986 онд манайд 30 мянга гаруй саарал чоно 18 аймгийн нутагт байжээ. Харин одоо яг хэдэн чоно Монголд үлдсэнийг батлах судалгаа, дэлгээд харуулах баримт алга. Энэ талаар тодорхой хэлэх зүйл байна уу?

Г.Баярсайхайн: - Монголд чоно хэзээ ч устахгүй гэж манайхан бодож байж болно. Тийм биш ээ, устаж эхлээд байна. Манай оронд саарал чоно одоо хэд байгааг бүү мэд. Америк, Европын ихэнх орон чоноо яг бидэн шиг устгасан. Харин одоо сэргээн нутагшуулахад хэдэн зуун сая ам.доллар зарж, өсгөж үржүүлэхийн тулд тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Харин бид чоноо энэ байдлаар хоморголон устгасаар байвал хэдхэн жилийн дараа аль нэг орноос өндөр үнээр худалдан авч, тахь шиг сэргээн нутагшуулж магадгүй. Иймд чоныг хамгаалах, сэргээн нутагшуулах асуудлаар хуулийн төсөл боловсруулж байгаа.

О.Дамдинсүрэн: -Сүүлийн үед манай залуус ан авыг зугаа цэнгэл болгон хувиргасан. Үүнийг би зэрлэг зугаа гэж хэлмээр байна. 10, 20-иороо нийлээд жийп хөлөглөн анд явдаг боллоо. Ан гэж юу байдгийг, анчин хүн гэж ямар их мэдрэмжтэй, зөөлөн сэтгэлтэй, мэдлэгтэй байх ёстой талаар одооны залууст ямар ч ойлголт алга. Үүнээс болж жилд 34 хүн амь насаа алдаж байна. Чононд явж байгаад нэгнээ буудсан хэрэг өнгөрсөн жил Лүн болон Жаргалант суманд гарсан. Энэ амьтныг агнах нэрээр эргээд экологи, хүний амьдралд сөрөг нөлөө үзүүлж эхэллээ. Саяхан бүргэдийн ан буюу шувуучлахуйг ЮНЕСКО-д бүртгэж авсан. Казахын ард түмний ууландаа хийдэг баярыг хотод аялал жуулчлалын брэнд болгож, олон жирэмсэн эх, хүүхдүүдийн нүдэн дээр "аллага" зохион байгууллаа. Чонын аманд мод хөндлөн зуулгаад, хоншоорыг нь ногтолж, хойд хоёр хөлийг нь төмөр гинжээр тушчихаад бүргэдэд тавьж өгч байна шүү дээ. Үнэгийг бүргэдүүд бүр тасдаад хаячихсан. Харамсалтай нь, түүнийг үзэж байсан жирэмсэн эхчүүд инээгээд зогсож байгаа юм. Тэр хүнээс ямар хүүхэд төрж, үр хөврөлд яаж нөлөөлөх вэ. Хотын дэргэд амьтдыг авчирч, ингэж зугаа цэнгэлд ашигладаг асуудлаас монголчууд, аялал жуулчлалын байгууллага, БОАЖЯ татгалзах хэрэгтэй гэж бодож байна.

-Манайхны зарим нь чоно устлаа гээд ямар ч өөрчлөлт болохгүй гэсэн ойлголттой байдаг. Ер нь эрдэм шинжилгээний талаас, эрдэмтэнсудлаачдын зүгээс тайлбарлавал, хэрэв чоно уствал юу өөрчлөгдөх вэ?

Г.Баярсайхан: Өнөөдөр талын цөөвөр чоно байхгүй болчхож. Хэрэв талын саарал чоно үгүй болбол нүүдлийн мал аж ахуй устах бүх нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Нүүдлийн мал аж ахуйгаа өөр хэлбэрт шилжүүлж монгол хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөх асуудал яригдана.

Н.Эрдэнэцогт: "Эко танхим" олон түмний анхаарал сонирхолд хүрэх чухал асуудлыг хөндөж байгаад талархаж байна. Энэ бол маш зөв зүйтэй. Ялангуяа УИХ-ын гишүүн чонын асуудлаар тусгайлан хуулийн төсөл өргөн барьж байгаа нь сайшаалтай хэрэг. Чоно бол малын дайсан тул устгах ёстой гэдэг хуучны ойлголт оршсоор байна. Нөгөө талаас "Чоно хүний амьдрал, бизнесийн орчинд чухал үүрэгтэй. Чоно агнаад байвал амьдрал сайжирна. Ашиг олно" гэсэн орчин үеийн бурангуй ойлголт хуучны үзэлтэй нийлээд Монгол Улс чоногүй болох алхам руу түлхэж байна. Хэрэв өнөөдөр Монгол гэж байдаг бол манай газар нутагт чоно заавал байх шаардлагатай. Монгол орны байгалийн хамгийн том бэлгэ тэмдэг болсон амьдралыг нүдэнд харагдахгүй хэлбэрээр далдаас сэтгэж байдаг амьтан бол чоно. Манай эцгийн буюу 40-50 жилийн өмнөх үеийн хөгшчүүл чоныг байнга хайрлан хамгаалж байх ёстой гэж ярьдаг байсан.

Нэг түүх ярья. Би хүүхэд байхдаа ганц хоёр хурга, ишиг чонод бариулчхаад яаж хэлнэ ээ гэж айсаар ирэхэд "Миний хүү хийморьтой байна. Чоно бол дээд тэнгэрийн амьтан. Тэнгэр өөрөө мэдэж байгаа нь энэ" гээд аав минь намайг тайтгаруулдаг байлаа. Өөрөөр хэлбэл, тэнгэр өөрийнхөө өгснийг өөрөө мэдэг гэдэг бол маш олон агуулгатай, том гүн ухаан юм шүү дээ. Монголын бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй бол хүний арга ажиллагаа бага шаарддаг, эзэндээ хамгийн их ашиг шим өгч, хэдэн зуун жилээр тэтгэж ирсэн зүйл юм. Харин түүний ойрын туслагч бол чоно. Хэрвээ чоно байгаагүй бол сайн малчин гэж байхгүй. Угтаа бол мал маллах арга ухааныг бий болгохгүй, малчны өөрийнх нь оюун ухаан хөгжихгүй байх байсан. Нөгөө талаас, мал сүрэг бол байгалийн амьтан. Тиймээс монголчууд чоныг маш сайн мэддэг юм. Алтайн өндөр уулын чоно хаана байдаг, гичий нь хаана гөлөглөдөг гэдгийг андахгүй. Дээр үед бэлтрэг суйлах ажлыг төлөвлөгөөтэйгөөр явуулж, түүнийг нь хөгшчүүл их эсэргүүцэж байв. Тэр үед миний эцэг их дургүйцдэг байлаа. "Бэлтрэг суйлж, чоныг бан цунгаар нь устгах нь. Чоно байхгүй бол ямар ч мэдрэмжгүй, байгалийг мэдэрдэггүй малтай болно. Хэрвээ чоно, нохой хоёр нийлбэл тэдний дундаас малыг хүнтэй сүйрүүлэх эрлийз амьтан гарна" гэж ярьдаг байв. Энэ утгаараа чонын амьдардаг орчинд өөрчлөлт хийвэл элдэв төрлийн өвчин үүсээд зогсохгүй галзуу хийгээд малаас хүнд халддаг аймшигтай өвчин дэлгэрнэ хэмээн анхааруулж байсан.

-Тэгвэл чоногүй газар шүлхий өвчин тархаж байгаа гэж зарим нь яриад байгаа нь үнэн болох нь ээ. Мэргэжлийн хяналтынхны хийсэн шалгалтын дүгнэлт дотор "Зүүн аймгууд чоногүй болсонтой холбоотой шүлхий ихэссэн. Тэгэхээр чоно нутагшуулах арга хэмжээ авах нь дүнтэй" гэсэн байна лээ. Энэ дүгнэлт бодитой, үнэн зөв гэж ойлгож болох уу?

О.Дамдинсүрэн: Тэгэлгүй яах вэ. Зээрийн цагаан гэж биеэр бол нарийхан, цагаан зүстэй ,'хурдихтэй чоно байдаг юм. Яг зээрээ манаж хөдөлгөөн  'чиглэлийг нь дагаж амьдардаг амьтан. Малтай бараг ойртдоггүй бөгөөд зээрийн сүргээ цэвэрлэдэг чоно юм. Энэ чоно байхгүй болсноор тал газрын эко системд нэлээд өөрчлөлт орж байгаа. Өөрөөр хэлбэл, зээрийн цагаан чоно сүрэг доторх доголон, өвчтэй, шүлс нь савирсан зээрийг "араас нь" барьж, цэвэрлэж явдаг. Гэтэл тэр "цэвэрлэгч" байхгүй болсноор хангайгаас бууж ирсэн чоно дураараа авирлаж эхэлсэн гээд ойлгочхож болно.

Н.Эрдэнэцогт: Сүүлийн жилүүдэд чонотой бид буруу харьцаж байгаагаас хүн рүү дайрсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах болсон. Энэ бол зүгээр нэг шуугиан хөөсөн мэдээлэл. Гэхдээ үүнээс гадна маш олон шалтгааны үндсэн дээр чонын тухай тусгайлан хууль гаргахыг судлаач хүний хувьд зөв гэж үзэж байна. Чонын амьдралын орчин их өөрчлөгдөж байна. Хөвч, Алтайн уулс, Их нууруудын хотгорт болон говь, тал хээрийн чонод ямар өөрчлөлт гарч байгаа талаар нарийн судалгаа алга. Түүнчлэн малчид өнөөдөр маллагааны аргаа шинэчлэхийн оронд сул тавьчхаад чонод бариулаад байна шүү дээ.

-Гаалийн статистик мэдээнээс хил дээр олон тооны хөлдүү чоно хураасан талаар харж болно. Тэгэхээр энд нэг асуудал гарч ирж байна. Бидний хамгаалах гээд байгаа чоно ийм олон тоогоор хураагдаж байгааг юу гэж ойлгох ёстой вэ?

О.Дамдинсүрэн: Хил дээр жилд 50-60, заримдаа 200 чоно хөлдүүгээр нь гаргах гэж байсныг хураалаа гэдэг. Хурааж авсан чоныг хаана хэрхэн хадгалж, дараа нь ямар арга хэмжээ авдаг юм, бүү мэд. Миний олж сонссоноор, гаалийн байцаагч, хилийн хяналтынханд нөгөө гэмт этгээдүүд захиалга өгдөг гэсэн."Энэ жил 100 чоно хурааж өгвөл төдөн хувийг нь танд өгье" гэж тохирдог гэнэ билээ. Эндээс харахад, нэгнээс  нь хурааж аваад нөгөөд өгнө гэсэн уг. Иймд ангийн зориулалттай үслэг эдлэлийг, амьтны  гаралтай бүтээгдэхүүнийг хэрхэн яаж устгадаг хураадаг талаар олон нийтэд нээлттэй зарладаг болмоор байна.

Америк, Африк зэрэг оронд амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль бусаар гаргахыг завдаад хураагдвал хүмүүсийн нүдэн дээр устгадаг, шатаадаг. Гэтэл манайхан хураан авсныгаа сольж, хольж байгаа нь үнэн шүү дээ.Би ганцхан жишээ татья. Өнгөрсөн жил доод тал нь 60 орчим сая төгрөгийн үнэлгээтэй баавгайн савар хурааж авсан. Гэтэл хэрэгтнүүдийг гурван сая гаруй төгрөгөөр торгоод л өнгөрсөн. Хэрэг үүгээр дуусаагүй. Хураагдаад агуулахад хадгалж байсан савруудыг сүүлдээ алга болсныг мэргэжлийн хяналтын байцаагч ярьж байсан. Энэ асуудал хүмүүсийн сонирхлыг татахгүй байх аргагүй. Хамгийн гол нь энэ асуудлыг хүмүүс мэдэхгүй байна. Үүнийг БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, цаашлаад цагдаагийнхан анхааралдаа авах хэрэгтэй. Түүнчлэн "Эко танхим" энэ асуудлын мөрөөр явах хэрэгтэй гэж зориуд анхааруулж хэлмээр байна.

Х.Бадам: Түүнчлэн 2010 оны эхний есөн сарын байдлаар гэхэд Замын-Үүдэд хөлдөөсөн  чоно 80 ширхгийг хураасан талаар гаалийн мэдээнд дурджээ. Энэ бол зөвхөн хураагдсан, илэрсэн нь шүү дээ. Тэгэхээр цаана нь нөөц байна гэсэн үг.

Г.Баярсайхан: Бид Монгол Улсын түүхэн эгзэгтэй цаг үед амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн том тэсрэлт явагдаж буй. Гэтэл үүний цаадхыг харвал зэрлэг ан амьтад, чоно нь байхгүй болоход тун ойрхон болчхож. 2000 оны үед говь, цөл хээрийн бүсэд байсан талын цөөвөр чоно үзэгдэхээ байсан. Одоогийн байдлаар Монголын газар нутгаас үүрд алга болсон цөөвөр чоныг "Улаан ном"-д оруулсан. Бид дахиад хэчнээн сая, хэдэн тэрбум төгрөг хаяад ч цөөвөр чоно Монголд өөрөө эргэж ирэхгүй. Яг ийм сэтгэхүйгээр талын саарал чонод хандах хэрэгтэй.

Бадам гуай чонын тоо толгой буураагүй гэж хэлсэнд гайхаж байна. Буурахаар барах уу. Говь-Алтай аймагт 67 чоно агналаа гэж байна. Чоно ихэдсэндээ биш, үлдсэн хэдийг нь элдэж хөөгөөд, байгалиас хүчээр булаан агнаж байгаа хэрэг шүү дээ. Бидний өргөн барьсан хууль доторх гол санаа нь говь болон тал хээрийн бүсэд саарал чоно, түүний үр төлийг ямар нэгэн зориулалтаар агнахыг хориглох. Мэдээж тас хориглоно гэсэн үг биш. Тоо хэмжээг нь тухайн орон нутгийнхан өөрсдөө зохицуулах шаардлагатай. Үүний тулд тухайн бүс, аймгийн Засаг дарга нар саарал чоныг хамгаалах менежментийн төлөвлөгөөгөө боловсруулж, ИТХ-аараа батлуулах юм. Ингэснээр орон нутагт энэ асуудлаа өөрсдөө зохицуулаад явах боломжийг олгоно. Мэдээж гарал үүслийн гэрчилгээ олгох зайлшгүй шаардлагатай.

Х.Бадам: Монгол Улсад хууль хэрэгждэг, хяналт нь байдаг бол чоно ингэж цөөрөхгүй байсан. Харамсалтай нь хэрэгжиж байгаа хууль гэж алга. Уг нь чоныг хамгаалсан хууль байгаа шүү дээ. Амьтны үс хөрс нь гүйцсэн буюу аравдугаар сард, хүйтрээд эхлэхээр ан хийдэг. Үржлийн үе буюу хоёрдугаар сар хүртэл ан үргэлжилж болдог. Харин хуульд энэ хугацааг тусгаагүй. Бусад асуудал саяхан шинэчлэгдсэн Ан агнуурын тухай хуульд орчихсон. Чоно бол агнуурын амьтан. Чоно гэдэг үг байхгүй болохоор хариуцсан яам нь хүртэл асуудлаа ойлгохгүй сууж байна. Тэгтэл гэнэт л сая сэрсэн юм шиг 102 мянган төгрөгийн хураамжтай болгочихлоо. Хэчнээн жийп унасан баян ч гэсэн сумын төв дээр ирээд 102 мянган төгрөг төлж, чоно агнах эрх авна гэдэг үлгэр. Ийм утгагүй юм батлаад байх юм.

-Харин ч миний бодлоор энэ замбараагүй агналтыг эдийн засгийн аргаар хязгаарлах боломж олдож байгаа юм биш үү?

Х.Бадам: Үүнийг хязгаарлах нэг арга хэлбэр гэж ойлгож болох юм. Гэхдээ говийн бүсэд чоно агнахыг хоригложээ гэж бодьё. Гэтэл хил дээр тэднийг саатуулахад Хөвсгөлөөс агнасан чоно гэж л хэлнэ. Тэр чоно хаанахынх болохыг хил, гааль, мэргэжлийн хяналтынхны хэн нь ч мэдэхгүй. Чоно л бол чоно. Тиймээс хоригловол тэр чигт нь, ядаж гурван жил хориглох хэрэгтэй.

Г.Баярсайхан: Модны гарал үүслийн гэрчилгээтэй болох талаар хэдэн жилийн өмнө яригдаж эхлэхэд яг ингэж хэл ам гарч байсан. Гэтэл одоо шиг зөв, хэрэгтэй, баталгаатай баримт алга. Тэгвэл үүнтэй адил чоно агнасан бүх хүн гарал үүслийн гэрчилгээ авахыг хуульд тусгана шүү дээ гэв.

-Чонон сүргийн амьдралаас жинхэнэ гэр бүлийн "уур амьсгалыг" харж болно. Өрхийн тэргүүн болох азарган чоно гичий, бэлтрэгнүүдээ хамгаалах, тэжээх, олзоо барих гээд бүгдийг хариуцна. Хавар болоход сүрэг хос хосоороо салдаг бөгөөд өөрийн гэсэн эзэмшил нутагтай. Нутгийнхаа хил дагуу шээсээрээ тэмдэг тавьж эзэнтэй гэдгийг мэдэгддэг аж. Хосоор салсан бүл төд удалгүй 2-8 бэлтрэгтэй болно. Бэлтрэгнүүд хоёр сар орчим сүүгээ хөхнө. Энэ үед хосууд үр төлөө хамгаалахын тулд нүхнээсээ хол ан хийхгүй. Цаад тал нь долоон км холдоно. Харин "хүүхдүүд" нь сүүнээс гарахад эцэг, эх чоно барьсан амьтнаа ходоодондоо зөөллөж гулгиж гаргах байдлаар хооллодог аж. Бүр томронгуут барьсан амьтнаа амьдаар нь авчирч "хичээл" заадаг байна. Үүний хажуугаар азарган чоно бэлтрэгнүүдээ дагуулан эзэмшил нутгаа танилцуулна. Намрын сэрүүн ороход бэлтрэгнүүд сүргийн гишүүн болж, ан авд оролцох насанд хүрсэн гэдгээ зарлан улина. Ер нь чонын сүргийн амьдрал нарийн дэг журам, хатуу сахилга дээр тогтдог байна. Түүх домог, сонин хачин, зан авирынх нь талаар энэ мэтээр өгүүлбэл ихийг тоочиж болно. Дутуу заяатдаа үзэгддэггүй, адил заяатдаа харагддаг, илүү заяатдаа алагддаг хэмээн монголчууд ярих дуртай. Угаасаа хийморьлог энэ амьтныг хүн төрөлхтөн сайн судалсан.

Монголд өнөөдөр амьдралд хэрэгждэггүй хууль, дүрэм журам дэндүү олон бий. Үнэндээ бид ихэнхийг нь мэдэхгүй. Тэгвэл чоно хэмээх энэ амьтныг хамгаалах хууль баталж яагаад болохгүй гэж. Чонон сүргийн сүүлчийн улиан магадгүй "биднийг хамгаалаач" гэж байж мэднэ. "Эко танхим" энэ сэдвээр үргэлжлүүлэн сурвалжилна.

Р.Оюунцэцэг, Ц.Цэвээнхэрлэн

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.