Чехэд албан бусаар 7000 Монголчууд ажиллаж байна
2012.02.02

Чехэд албан бусаар 7000 Монголчууд ажиллаж байна

Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас өчигдөр Монголоос Шенгений орнууд руу чиглэсэн шилжих хөдөлгөөний талаарх судалгааны үр дүнг танилцууллаа.Сүүлийн хагас жилийн хугацаанд БНЧУ-ын элчин сайдын яам Польшийг төлөөлж Монгол Улсад Европын холбоог даргалсан билээ. Энэ хугацаанд Монголын Европ руу чиглэсэн шилжих хөдөлгөөний талаарх статистик мэдээг цуглуулсан байна.


БНЧУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Дита Таборскагийн ярьж буйгаар сүүлийн жилүүдэд европын орнуудад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн тоо буурч байгаа үзүүлэлт гарчээ. 1970, 1980-аад онуудад Монголоос тухайн үеийн Чехословак улс руу оюутнууд суралцахаар явдаг байсан ба одоог хүртэл БНЧУ-ыг зорьж, хөдөлмөр эрхлэхээр явсаар байгаа гэдгийг Дита Таборска илтгэлийнхээ үеэр дурьдсан юм.

Тэрбээр “2010 онд явуулсан хүн амын тооллогын үр дүнгээс харахад БНЧУ-д албан ёсоор 5000 орчим иргэн, албан бусаар 7200 орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа гэсэн тоо баримт бий. Гэвч бодит байдал дээр түүнээс хоёр дахин их буюу арваад мянган хүн оршин сууж байж магадгүй юм” гэлээ.

Түүнчлэн “Ажлын гэгдэх визний хувьд сүүлийн үед 2009 онд эхэлсэн санхүү эдийн засгийн хямралын улмаас маш бага виз олгож байгаа. Ойрын хугацаанд ч мөн энэ тоо өөрчлөгдөхгүй байх гэж бодож байна” хэмээн хатагтай Таборска хэлсэн юм.Тэрбээр илтгэлийнхээ үеэр 20 гаруй улс оронд ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн тоон мэдээллийг танилцуулсан юм.

Судалгааны үр дүнгээс харахад 2007-2008 онуудад 4000-6000 орчим иргэн Шенгений орнууд руу урт хугацааны виз даруулах хүсэлт тавьж байжээ. Харин 2009 оноос Европын орнууд дахь цагаачлал буурсан байна.Түүнчлэн статистик мэдээллээс үзэхэд АНУ-д 17 мянга, Хятадад 7200 орчим, Оросод 5000 орчим монгол иргэн ажиллаж амьдардаг гэсэн тоо баримт гарсан бол Их Британи, Герман, Франц зэрэг Европын улс орнуудад хоёроос гурван мянга орчим монгол иргэн амьдардаг ажээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.