Монголд 175 тэрбум тонн нүүрс байна
Нүүрс
2012.02.10

Монголд 175 тэрбум тонн нүүрс байна

Дэлхийн хамгийн хүйтэн, тал нутгийн Монголын нийс­лэлд, барометр 30 хэмийг заах цагаар газар, газрын томчууд морилон саатах болсон шалт­гаан нь “Coal Mongolia-2012” чуулга уулзалт байлаа. Өнгөр­сөн жилээс эхлэлээ тавьсан, цааш­даа уламжлал болгон зохиог­дох “Coal Mongolia-2012” нь зөвхөн нүүрсний гэдгээрээ бусад чуулга уулзал­туудаас ялгардаг бөгөөд зохион бай­гуу­л­агч­дынх нь хэлснээр уг арга хэмжээнд 300-гаад орны 700 гаруй төлөөлөгч оролцож бай­гаа нь өнгөрсөн жилийн чуул­га уулзалтынх нь үр дүн гэнэ. 

Хэдхэн жилийн өмнө хэн ч тоож шиншилдэггүй байсан Монголын нүүрсний төлөө өнөө­дөр гадаадынхан нүдээ ухаад өгөхөөс ч буцахааргүй байна. Тиймдээ ч мөнгөтэй, хөрөн­гөтэй гадаадын баячууд дөнжин үхрийн сүүл тас хөлддөг дөрвөн есийн хүйтнээс огтхон ч эмээлгүйгээр Улаанбаатарт түр саатаж, Монголд хөрөнгө оруулах боломжийг эрэлхийлж байгаагаа ил шулуухан илэр­хийлж байна лээ. Чуул­га уул­зал­тад гадаадын бизнес­ме­нүү­дээс гадна АНУ, Орос, Хятад, Канад, Австралийн Элчин сайдууд, олон улсын банк санхүүгийнхэн оролцож, хямралын үед хасах 1,6 хувьтай гарч байсан Монголын эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн гол үзүүлэлт болоод байгаа нүүрсний салбарт гарч буй дэвшил, төрөөс баримталж буй бодлогыг анхааралтайгаар сонсч байгаа нь харагдсан.

Чуулганаар нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын төслүүд, коксжих болон эрчим хүчний нүүрсний нөөц, дэд бүтцийн асуудал, эко үйлдвэрлэл, нүүрсний боловсруулалт гээд олон асуудлыг ярилцах юм билээ. Монгол Улс энэхүү арга хэмжээний үеэр нүүрсний экспорт өнгөрсөн 2010 онд 16 сая тонн, 2011онд 21 сая тонн хүрснийг, эрчим хүчний салбарт дэлхийн томоохон экспортлогч орон болж байгаагаа зарласан. Харин Зам тээвэр барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нүүрсний тээвэрлэлтийг хэрхэн сайжруулах талаар төрөөс баримталж буй бодлогыг танилцуулна лээ. Тэрбээр төмөр замын салбарт төрөөс баримтлах бодлого батлагдаад удаагүй байгааг мөн нүүрсний экспортоос олох орлогоо нэмэгдүүлье гэвэл э авто замаар зөөхөө болих, энэ тээвэрлэлт говийн экосистемийг эвдэж байгааг дуулгасан.
Монгол Улсын Засгийн газар нийтдээ 5683.5 км төмөр замын суурь бүтцийг Орос, Хятад руу зэрэг тавих, энэ ажлыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх, 1520 мм-ийн өргөн царигаар барихаар УИХ-аас өнгөрсөн жил баталсаныг дуулгасан.
Түүний хэлснээр 5683.3 километр зургаан жилийн хугацаанд барьж дуусгах бололтой. Энэ жилээс 1300 орчим км замын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. “Шинээр төмөр зам тавихад таван тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ их мөнгийг босгоно гэдэг тоглоом биш. Өнөөдөр Засгийн газраас 55 сая ам.долларыг эхний санхүүжилт болгон гаргуулахаар болсон” хэмээн Ж.Бат-Эрдэнэ дарга хэлсэн.

Харин Үндэсний хөгжил, шинэт­гэлийн хорооны дарга Ч.Хашчулууны тавьсан илтгэлийг сонирхуулахад Монгол зөвхөн экспортлогч биш үйлдвэрлэгч орон болох гэнэ. Жилээс жилд экспортынхоо хэмжээг өсөн нэмэгдүүлж жилдээ 100 сая тонн нүүрсийг гадаад зах зээлд худалдаалахаар төлөвлөж байгаа, мөн нүүрсийг эрчим хүчний сал­барт ашиглах бус, нефть, химийн үйлдвэрлэл талаасаа хөгжүүлнэ гэдгээ амалсан. Нүүрс нь ашигт малтмал гэхээсээ стратегийн түү­хий эд гэдгийг эдийн засагчид ч энэхүү чуулга уулзалтын үеэр сануул­на лээ. Монголын нүүрсний ганц том зах зээл бол Хятад. Тэр утгаараа Хятадын бизнесменүүд “Coal Mongolia-2012”-д нэлээд түлхүү оролцож байна лээ. Тэдэнд Монголын төрөөс баримталж байгаа бодлого нэлээд чухал байгаа бололтой их л сонирхож багагүй анхаарал тавьж байгаа нь харагдсан.Чуулга уулзалтад оролцогчдоос хэвлэлийнхний анхаарлыг багагүй татсан хүн бол Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Ц.Гарамжав. Ажил албаа хүлээж аваад удаагүй байгаа энэ хатагтайгаас чуулга уулзалтын талаарх сэтгэгдэл, эрдэс баялгийн салбарт баримталж байгаа бодлогын талаар асуухад “Энэхүү чуулга уулзалт олон улсын хөрөнгө оруулагчид багагүй ач холбогдол өгч байгаа нь анзаарагдлаа.

Монгол нүүрснийхээ нөөцөөр дэлхийд 15-д жагсдаг. Тодруулбал, Монголын газрын хэвлий дор 175 тэрбум тонн нүүрс байна. Энэ асар их нөөц юм. Цаашдаа хүрэн болон чулуун нүүрснийхээ баялгийг түшиглээд кокс химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ингэснээр наад зах нь Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас хамгийн түрүүнд гарна. Мөн хий болон бусад туслах бүтээгдэхүүнүүдийг ашигласнаар үйлдвэрлэлийн салбар өргөжих болно. Нөгөөтэйгүүр монголчууд эко үйлдвэрлэл явуулж, байгаль орчинд эрсдэлгүй үйл ажиллагаа явуулья гэвэл юуны өмнө дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

Нүүрсээ машинаар зөөгөөд байх юм бол Монголын байгаль сүйтгэгдсэн хэвээр байна” гэсэн юм. Тэгвэл Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажил­лагааны газрын захирал Н.Энхтайван “Монгол хэдийгээр нүүрсний экспортоо жилээс жилд нэмэгдүүлж байгаа ч Хятадын зах зээлд хямд нүүрсээ нийлүүлж байна. Энэ хоёр талтай. Нэгдүгээрт, Монгол Улс дэд бүтэцгүй. Хоёрдугаарт, Хятадын засгийн газар Монголоос боловсруулсан нүүрс авахгүй байхыг аль болохоор хичээдэг. Тиймээс ч тэд Монголоос орж ирж буй боловсруулсан нүүрсэнд гаалийн өндөр татвар ногдуулдаг. Энэ нь хятадууд ажлын байраа алдахгүй байх, Монголоос аль болох түүхий нүүрс импортлох бодлого баримталж буйн илрэл.

Гуравдугаарт, ӨМӨЗО бол нүүрсний асар их нөөцтэй. Тэр том зах зээлийг даваад Хятад руу нүүрсээ нийлүүлж байгаа болохоор хямдхан өгөхөөс өөр аргагүй байгаа. Гэхдээ манайх Хятадын дотоодын үнээс 25-50 хувь хямдхан нүүрсээ зарж болохгүй. Түүнчлэн дэд бүтцийн асуудлаа шийдэж чадаагүйгээсээ болоод өнгөрсөн жил гэхэд нүүрсний борлуулалтаасаа 600 сая ам.доллар алдсан” гэж ярилаа.

Чуулга уулзалтын үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газрын орлогч дарга Н.Болдхүү Налайхын уурхайг эргэн сэргээхээр Өмнөд Солонгостой гэрээ хэлэлцээр байгуулж байгаагаа дуулгалаа. Чуулга уулзалт өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.