Д.Ганхуяг:Хот төлөвлөлтгүйгээр Монгол Улсын хөгжлийн гацаа арилахгүй
2012.01.05

Д.Ганхуяг:Хот төлөвлөлтгүйгээр Монгол Улсын хөгжлийн гацаа арилахгүй

УИХ-ын гишүн Д.Ганхуягтай ярилцлаа.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар асуулга тавьж хариултаа сонсож байсан. Харин оны эхний ЭЗБХ-ны хурлаар Нийслэлийн хөгжил, хот төлөвлөлтийн асуудлаар байнгын хорооны тогтоол санаачилж батлууллаа. Тогтоолыг тодорхой тайлбарлаж өгөөч?

-Оны өмнө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаархи асуулгынха хариултыг сонссон. Манай замын хөдөлгөөний  аюулгүй байдал хүн амын тоотойгоо харьцуулахад  нилээд хүндэвтэр байгаа нь Засгийн газрын хариултаас олон нийтэд ойлгогдсон гэж үзэж байна. Судалгаагаар жилд дунджаар 35.000 орчим зам тээврийн зөрчил бүртгэгдэж, 600 орчим хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж, 3000 гаруй хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан. Зам тээврийн осолд өртөж байгаа иргэдийн дотор сургуулийн насны хүүхэд нилээд хувийг эзэлж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал.  Замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж байгаа том хүчин зүйлүүдийн дотор төлөвлөлтгүй хот байгуулалт /нэвтрүүлэх чадвар/, замын чанар, хууль тогтоомжийн хэрэгжилт, энэ асуудалтай холбогдсон төрийн байгууллагуудын ажил үүргийн уялдаа, жижгэвтэр хүчин зүйлд машины буруу талын хүрд, замын хөдөлгөөний орчин үеийн мэдээллийн технологийн ашиглалт, согтуугаар машин жолоодох, жолоочийн  хариуцлага, явган зорчигчдын замын хөдөлгөөний соёл зэрэг зүйлүүд орж байна. Түүнчлэн зам тээврийн 10 ослын 1 нь согтуугаар машин жолоодсоноос гарч байгаад анхаарах шаардлагатай байна. Өнөөгийн хөгжилтэй орнууд энэ байдлыг бүгд туулж гарсан байгаа. Тодруулбал тухайн зам дээрхи хурдны хязгаарыг 25 км/цаг-аас хэтрүүлэх, явган зорчигчийн гарцтай газар осол гаргах, согтуугаар машин жолоодож бусдыг гэмтээсэн тохиолдолд шууд эрүүгийн хариуцлага оногдуулж ирсэн байна. Иймд Засгийн газар энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн асуулгад хариулаад зогсохгүй, энэ мэдээлэлдээ үндэслэн өнөөгийн хууль, тогтоомжийн хүрээнд боломжтой бүх арга хэмжээг цогцоор нь зохион байгуулах,  төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, нөгөө талаас эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон бусад ажлуудыг хийх шаардлагатай байна.

-Замын хөдөлгөний аюулгүй байдлыг яаж  хот төлөвлөлтийн ямар холбох юм. Нөгөө талаас манай нийслэлийн хот байгуулалтын ямар түвшинд байгаа гэж үзэж байна?

-Өнөөдөр тулгамдсан асуудал хот байгуулалт, төлөвлөлтийн асуудал гэдэгтэй маргалдах хүн байхгүй. Тухайлбал утаа, түгжрэл, байгаль орчны бохирдол, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хэв журмын зөрчил гээд. Манай Нийслэлийн хот төлөвлөлтийн асуудал олон улсын түвшинд хүрэх яагаа ч үгүй байна. Хот байгуулалтын асуудалд тухайн хотын газар доорхи инженерийн байгууламжаас эхлээд агаарын орон зайн  долгионыг ашиглах хүртэлх  асуудлууд хамаарагддаг. Хот төлөвлөлт нь  тухайн хотын оршин суугчдыг аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах  орчин нөхцлийг бүрдүүлэх үндсэн зорилготой байдаг. Иймд  хот байгуулалтын асуудал нь цогц асуудал бөгөөд, хот  байгуулалтыг ургаа модоор зүйрлэвэл зөвхөн түгжрэл зэргийг ярих нь согогтой болсон нэг мөчрийг нь хэрхэн тордох вэ гэж ярьж байгаагаас хэтрэхгүй юм.

Ер нь энэ зуунд  төлөвлөлтгүйгээр нийслэл хотоо байгуулж байгаа улс, орон тийм ч олон байхгүй байх. Улаанбаатар хотыг анх 400-500 орчим оршин суугчтай байхаар оросуудын  тусламжтайгаар төлөвлөж байгуулсан гэдэг. Гэтэл өнөөдөр гадны оршин суугчдыг оруулбал нийслэлийн оршин суугчдын тоо бараг 1.5 саяд хүрлээ. Энийг зүйрлэвэл 5 литрийн саванд 15 литр усыг багтаах гээд байгаатай утга нэг сонсогдож байна. Монголд нам байгуулагдсанаас хойш, түүнчлэн сүүлийн 20 гаруй жил нэг нам засаглалсаар ирсэн. Иймээс Нийслэлийн ИТХ Улаанбаатар хотод үүсээд байгаа Монгол Улсын хөгжлийн гацааг хэрхэн гаргах вэ гэдэг дээр хурдацтай ажиллах шаардлагатай байна. Мөн хууль зөрчигчидтэй төрийн хууль хяналтын байгууллага хариуцлага тооцохгүй бол энэ байдал сайжрах эсэх нь тодорхой бус байсаар байх нээ. Энэ байнгын хорооны тогтоолоор “Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийг үндэслэн Нийслэл  тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх зорилтын хүрээнд Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг энэ оны хоёрдугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт” даалгаж байгаа юм.

-Заавал тогтоол гаргах шаардлагатай юм уу. Хот байгуулалтын тухай хуульд Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Улсын Их Хурлаар батлуулна гээд заасан юм бол Засгийн газар нь оруулж ирэх юм биш үү?

-2008 оны сонгуулийн өмнө Хот байгуулалтын тухай хуулийг  гишүүдийн хамт санаачлан батлуулсан. Мөн 2005 онд Японы ЖАЙКА-д Нийслэлийн хот байгуулалтын төлөвлөгөөг буцалтгүй тусламжаар хийлгэх саналыг тавьж байсан. Энэ төсөл өнгөрсөн онд хэрэгжиж дуусаад тайлангаа Монголын талд хүлээлгэн өгсөн гэсэн. Энэ хуульд УИХ хот байгуулалтын талаархи бодлогыг тодорхойлох, Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах ийм заалт байгаа. Парламентийн засаглалтай олон оронд Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг парламент нь авч хэлэлцдэг.  2008 оноос хойш энэ асуудлаар 2 удаа асуулга тавьж хариулт авсан. Гэтэл өнөөг  хүртэл энэ хот төлөвлөлтийн асуудал ямар түвшинд байгаа нь тодорхой бус байна. Түүнчлэн сүүлийн үед оюутны тосгоныг хотын зүүн тийш, хөнгөн үйлдвэрийг баруун тийш гаргах, нийслэлд метро барихаар боллоо гэж ярих болсон. Эдгээр асуудлыг ингэж шийдэж болно л доо. Гэхдээ сайн судалгаа, төлөвлөлтгүйгээр нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэвэл зардал өртөг нь хамаагүй өндөр тусах нь энгийн ойлгомжтой  асуудал.

-Байнгын хорооны тогтоолд Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнөөс гадна эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх, Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжид  өөрчлөлт оруулах болжээ. Ингэснээр хүн амын нягтаршлыг сааруулж чадах уу?

-Манай улс нэг хүнд оногдох газрынхаа хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл нийслэл хот, суурин газарт иргэд газраа хувьчилж  гэхээр газар нь олдохгүй байна. Энэ нь газаргүй дээ биш дэд бүтэцтэй газар нь хүрэлцэхгүй байгаатай холбоотой. 2011 оны 2-р улирлын байдлаар хөдөөд нийт хүн амын 10 орчим хувь, хотод нийт хүн амын 7.5 хувь нь газраа хувьчилж авчээ. Хувьчилж авсан газрын хэмжээ нь нийт газар нутгийн 1 хувь орчим болж байна. Гэтэл ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензтэй газрын хэмжээ нь нийт газар нутгийн 15 орчим хувийг эзэлж байна. Нөгөө талаас 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай мөртлөө нийт амынх нь 50 хувь нь 4 хайрханы дунд  800 орчим км кв газарт  бөөгнөрчихсөн байна. Энэ талбайг эдийн засгийн идэвхтэй бүс гэж үзэж байгаа юм. Ихэнх орнууд төвлөрөлийн асуудлыг эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх байдлаар асуудлыг шийдэж ирсэн. Ингэж шинээр хот байгуулахдаа хүн ам их төвлөрсөн газартай сайн дэд бүтцээр /хурдан галт, тэрэг хурдны зам/ холбох, мөн тэнд ая тухтай амьдрах, ажил эрхэлж орлого олох нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд, урт хугацааны төлөвлөлт бүхий хот байгуулалтыг хийж иржээ. Эдийн засгийн идэвхтэй бүсийн радиус нь их байх тусам улс, орон хурдан хөгжсөн жишээ захаас аваад зөндөө бий.

Ер нь манай улсын тухайд байгаль, орчныг хамгаалах, газрын харилцааны бодлогын тухайд 2.8 сая иргэний зохистой ашиглалтаар дамжсан бодлоыг хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Газрын хэвлийн баялгийн хуваарилалтаас илүү иргэд, аж ахуйн нэгжээр дамжуулан газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь ихэд зохистой. Ганцхан газар зохион байгуулалтын тухайд ч, хотын тухайд ч төлөвлөлт маш чухал байна. Ингэснээр иргэд үл хөдлөх хөрөнгөтэй болох, энэ хөрөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах, хойч үедээ өвлүүлж явах юм. Ингэснээр монголчууд эх орондоо ажилтай, орлоготой, амьдрах боломж нэмэгдэнэ.

-Байнгын хороо, УИХ, Засгийн газраас бүс нутгийг хөгжүүлэх эрх зүйн баримт бичгүүд олныг баталдаг. Гэхдээ хэрэгжих эсэх нь тодорхойгүй байдаг?

-Энийг тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө УИХ ч, Засгийн газар ч ажиллах үүрэгтэй. Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжийг  2000-2004 оны хооронд баталсан байдаг. Гэтэл тэрнээс хойш Монгол улс өвөг дээдсээс үлдээсэн байгалийн баялаг ихтэй орон гэдгээрээ олон улсын анхааралд орчихлоо. Иймээс сүүлийн үед энэ баялагаа урт хугацааны төлөвлөлттэйгээр, боловсруулж, дэлхийн зах зээлийн үнэд ойрхон ханшаар хэдхэн гэр бүлд ашигтайгаар бус, нийт монголчуудад ашигтай байх нөхцлөөр борлуулах талаар ихэд ярьж байна. Энэ нь ч шударга ёсонд нийцнэ. Тиймээс хүн амын тодорхой  хэсэгт баялагтай бүс нутаг, баялгаа боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн төвүүдийг дагаж амьдрах хандлага аль хэдийн гарсан байна. Иймээс энэ чиглэлээр бүс нутгийн хөгжилтэй холбогдсон хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах нь зохистой гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.