Аутсорсингийн төв хөгжлийн замдаа шуудрав
2012.03.22

Аутсорсингийн төв хөгжлийн замдаа шуудрав

“Монгол-Энэтхэгийн хамтарсан Мэдээлэл, технологийн аутсорсингийн төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын Зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Д.Хаянхярваа ажлын журмаар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газраас мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгоход ихээхэн анхаарч мэдээллийн технологийн салбарын хүний нөөц, бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг хөгжүүлэх, сургалт үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх талаар төрийн болон салбарын хэмжээнд баримтлах бодлогын баримт бичигт тодорхой зорилтыг дэвшүүлэн тавьсан.

Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарыг 2012 он хүртэл хөгжүүлэхэд баримтлах дунд хугацааны бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрт мэдээллийн технологийн өндөр чадвартай олон тооны мэргэшсэн мэргэжилтэн, судлаачид бэлдэх, программ хангамж болон мэдээллийн технологийн үйлчилгээний дэлхийн зах зээл дээр амжилт олох зорилгоор мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, технологи, судалгаа шинжилгээний болон хөгжлийн төвийг Мэдээллийн технологийн үндэсний парк, бусад мэргэжлийн сургуулийг түшиглэн байгуулах, бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг хөгжүүлэхэд зайн сургалтыг ашиглах зэрэг зорилтыг дэвшүүлсэн байна.

Монгол Улсын Засгийн газарт олгох 20 сая ам долларын хөнгөлттэй зээлийн ерөнхий нөхцөл нь жилийн 0,75 хувийн хүүтэй, зээлийг эргэн төлөх хугацаа 25 жил, үүнээс үндсэн өрөөс чөлөөлөгдөх хугацаа 8 жил байна.Төслийг нийт 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв нь олон улсын мэдээллийн технологийн сертификат олгох сургалт, шалгалтын тогтолцоо бүхий сургалтын төв, мөн мэдээллийн технологийн аутсорсингийн бизнес хөгжлийн төв, судалгаа шинжилгээний төв бүхий цогцолбор байгууламж байх юм.
Эх сурвалж
Сангийн яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.