Д.Ганхуяг:Парламентын засаглалтай оронд хот төлөвлөлтийг Их хурал нь хэлэлцдэг
2012.01.05

Д.Ганхуяг:Парламентын засаглалтай оронд хот төлөвлөлтийг Их хурал нь хэлэлцдэг

-Та оны өмнө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар асуулга тавьж хариултаа сонссон. Харин оны эхний Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн хөгжил, хот төлөвлөлтийн асуудлаар байнгын хорооны тогтоол санаачилж батлуулсан. Тогтоолынхоо талаар товч танилцуулахгүй юу?

-Манай замын хөдөлгөөний аюулгүй байдал хүн амын тоотойгоо харьцуулахад нэлээд хүндэвтэр байгаа нь Засгийн газрын хариултаас олон нийтэд ойлгогдсон гэж үзэж байна. Судалгаагаар жилд дунджаар 35 мянган зам тээврийн зөрчил бүртгэгдэж, 600 орчим хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж, 3000 гаруй хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирдаг гэсэн тоо гарсан.

Зам тээврийн осолд өртөж байгаа иргэдийн дотор сургуулийн насны хүүхэд багагүй хувийг эзэлж байгаа нь хамгийн сэтгэл эмзэглүүлсэн асуудал.

Замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж байгаа том хүчин зүйлүүдийн дотор төлөвлөлтгүй хот байгуулалт  нэвтрүүлэх чадвар, замын чанар, хууль тогтоомжийн хэрэгжилт, энэ асуудалтай холбогдсон төрийн байгууллагуудын уялдаагүй байдал зэрэг зүйлүүд орж байна. Түүнчлэн зам тээврийн 10 ослын нэг нь согтуугаар машин жолоодсоноос гарч байгааг анхаарах шаардлагатай байна. Мэдээж бидний энэ байдлыг өнөөгийн хөгжилтэй орнууд бүгд туулж гарсан байгаа. Тодруулбал тухайн зам дээрх хурдны хязгаарыг хэтрүүлэх, яв-ган зорчигчийн гарцтай газар осол гаргах, согтуугаар машин жолоодож бусдыг гэмтээсэн тохиолдолд шууд эрүүгийн хариуцлага ногдуулж ирсэн байна. Иймд Засгийн газар энэ асуудлаар УИХ-ын гишүүдийн асуулгад хариулаад зогсохгүй, энэ мэдээлэлдээ үндэслэн өнөөгийн хууль, тогтоомжийн хүрээнд боломжтой бүх арга хэмжээг цогцоор нь зохион байгуулах, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах, нөгөө талаас эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон бусад ажлуудыг хийх шаардлагатай байна.

-Замын хөдөлгөөний нөхцөл хүнд байгаагийн гол шалтгаан нь хот төлөвлөлттэй холбоотой гэлээ. Нийслэлийн хот байгуулалт буруу явагдсан гэж олон хүн шүүмжилдэг. Та ч бас тэдэнтэй санал нэг байна уу?

-Тийм ээ. Утаа, түгжрэл, байгаль орчны бохир-дол, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хэв журмын зөрчил гээд нийслэлийн хот төлөвлөлтийн асуудал олон улсын төвшинд хүрэх яагаа ч үгүй байна. Хот байгуулалтын асуудалд тухайн хотын газар доорхи инженерийн байгууламжаас эхлээд агаарын орон зайн долгионыг ашиглах гээд олон асуудал хамаардаг. Хот төлөвлөлт нь тухайн хотын оршин суугчдыг аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үлдсэн зорилготой байдаг. Тиймээс хот байгуулалтын асуудал нь цогц асуудал бөгөөд, хот байгуулалтыг ургаа модоор зүйрлэвэл зөвхөн түгжрэл зэргийг ярих нь согогтой болсон нэг мөчрийг нь хэрхэн тордох вэ гэж байгаагаас хэтрэхгүй юм. Сүүлийн жилүүдийн нийслэлийн хүн амын хурдацтай өсөлт, төвлөрлөөс үүсэлтэй тулгамдсан асуудлуудын нэмэгдэж байгаа байдал нь хот төлөвлөлтөөсөө хэдэн жилээр түрүүлчихсэн явааг харуулж байна.

 

Ер нь энэ зуунд төлөвлөлтгүйгээр нийслэл хотоо байгуулж байгаа улс, орон тийм ч олон байхгүй байх.

Улаанбаатар хотыг анх 400-500 мянга орчим оршин суугчтай байхаар төлөвлөж байгуулсан гэдэг. Гэтэл өнөөдөр гадны оршин суугчдыг оруулбал нийслэлийн оршин суугчдын тоо бараг 1.5 саяд хүрэх байх. Өөрөөр хэлбэл, таван литрийн саванд 15 литр усыг багтаах гээд байгаатай утга нэг сонсогдож байна. Иймээс Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал Улаанбаатар хотод үүсээд байгаа Монгол улсын хөгжлийн гацааг хэрхэн гаргах вэ гэдэг дээр хурдацтай ажиллах шаардлагатай байна. Мөн хууль зөрчигчидтэй  төрийн  хууль хяналтын байгууллага хариуцлага тооцохгүй бол энэ байдал сайжрах эсэх нь тодорхой бус байсаар байх нь. Энэ байнгын  хорооны тогтоолоор "Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийг   үндэслэн Нийслэл тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх зорилтын хүрээнд Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2012 оны 02 дугаар сарын 01- ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт" даалгаж байгаа юм.

-Заавал тогтоол гаргах шаардлагатай юм уу. Хот байгуулалтын тухай хуульд Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Улсын их хурлаар батлуулна гээд заасан юм бол Засгийн газар нь оруулжирэх юм биш үү?

-2008 оны сонгуулийн өмнө Хот байгуулалтын тухай хуулийг гишүүдийн хамт санаачлан батлуулсан. Мөн 2005 онд Японы ЖАЙКА байгууллагад Нийслэлийн хот байгуулалтын төлөвлөгөөг буцалтгүй тусламжаар хийлгэх саналыг тавьж байсан. Энэ төсөл өнгөрсөн онд хэрэгжиж дуусаад тайлангаа Монголын талд хүлээлгэн өгсөн гэсэн. Энэ хуульд УИХ хот байгуулалтын талаарх бодлогыг тодорхойлох, Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах заалт байгаа.

Парламентын засаглалтай олон оронд Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг парламент нь авч хэлэлцдэг.

2008 оноос хойш энэ асуудлаар хоёр удаа асуулга тавьж хариулт авсан. Гэтэл өнөөг хүртэл яг ямар төвшинд байгаа нь тодорхой бус байна. Түүнчлэн сүүлийн үед оюутны хотхоныг хотын зүүн тийш, хөнгөн үйлдвэрийг баруун тийш гаргах, нийслэлд метро барихаар боллоо гэж ярих болсон. Эдгээр асуудлыг ингэж шийдэж болно л доо. Гэхдээ сайн судалгаа, төлөвлөлтгүйгээр нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэвэл зардал өртөг нь хамаагүй өндөр тусах нь энгийн ойлгомжтой асуудал. Сүүлийн үед хот, дагуул хотыг байгуулахдаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг ихэд татах болжээ. Гол арга нь дэд бүтцийг нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийлгэж оронд нь тэр газраас нь эзэмшүүлдэг юм билээ. Манайх шиг татвар төлөгчдийн хөрөнгөөр хотынхоо дэд бүтцийг бий болгоод эдийн засгийн ашигтай газраа албан тушаалтны гарын үсгээр улс төрчдөд нөлөөтэй хэдхэн компанид зүгээр өгчихдөг орон ховор шүү.

-Байнгын хорооны тогтоолд Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнөөс гадна эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх, Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах гэж оржээ. Үүний зорилго нь юу вэ.

-Монгол нэг хүнд оногдох газрынхаа хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл нийслэл хот, суурин газарт иргэд газраа хувьчилж авъя гэхээр газар нь олдохгүй байна. Энэ нь газаргүйдээ биш дэд бүтэцтэй газар нь хүрэлцэхгүй байгаатай холбоотой. 2011 оны хоёрдугаар улирлын байдлаар хөдөөд нийт хүн амын 10 орчим хувь, хотод нийт хүн амын 7.5 хувь нь газраа хувьчилж авчээ. Хувьчилж авсан газрын хэмжээ нь нийт газар нутгийн нэг хувь орчим болж байна. Гэтэл ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензтэй газрын хэмжээ нь нийт газар нутгийн 15 орчим хувийг эзэлж байна. Нөгөө талаас 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай мөртлөө нийт амынх нь 50 хувь нь дөрвөн хайрханы дунд 800 орчим км кв газарт бөөгнөрчихсөн байна. Энэ талбайг эдийн засгийн идэвхтэй бүс гэж үзэж байгаа юм. Ихэнх орнууд төвлөрлийн асуудлыг эдийн засгийн идэвхтэй бүсийг тэлэх байдлаар асуудлыг шийдэж ирсэн. Ингэж шинээр хот байгуулахдаа хүн ам их төвлөрсөн газартай сайн дэд бүтцээр /хурдан галт, тэрэг хурдны зам/ холбох, мөн тэнд ая тухтай амьд-рах, ажил эрхэлж орлого олох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд, урт хугацааны төлөвлөлт бүхий хот байгуулалтыг хийж иржээ.

Эдийн засгийн идэвхтэй бүсийн радиус нь их байх тусам улс, орон хурдан хөгжсөн жишээ захаас аваад зөндөө бий.

Ер нь манай улсын тухайд байгаль, орчныг хамгаалах, газрын харилцааны бодлогын тухайд 2.8 сая иргэний зохистой ашиглалтаар дамжсан бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Газрын хэвлийн баялгийн хуваарилалтаас илүү иргэд, аж ахуйн нэгжээр дамжуулан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь ихэд зохистой. Газар зохион байгуулалтын тухайд ч, хотын тухайд ч төлөвлөлт маш чухал байна. Ингэснээр иргэд үл хөдлөх хөрөнгөтэй болох, энэ хөрөнгөө эдийн зас-гийн эргэлтэд оруулах, хойч үедээ өвлүүлж явах юм. Ингэснээр монголчууд эх орондоо ажилтай, орлоготой, амьдрах боломж нэмэгдэнэ. Өнөөгийн байдлаар бол энэ зорилт хэрэгжихэд хүндрэлтэй байна.

- Бүс нутгийн хөгжлийн тухайд байнгын хорооноос зөндөө л тогтоол гардаг Засгийн газар руу зөндөө л явуулдаг. Энэ тогтоол хэрэгжих болов уу.

-Тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө УИХ ч, Засгийн газар ч ажиллах үүрэгтэй. Бүс нутгийн хөгжлийн тухай хууль, тогтоомжийг 2000-2004 оны хооронд баталсан байдаг. Гэтэл тэрнээс хойш Монгол улс өвөг дээдсээс үлдээсэн байгалийн баялаг ихтэй орон гэдгээрээ олон улсын анхааралд орчихлоо. Иймээс сүүлийн үед энэ баялгаа урт хугацааны төлөвлөлттэйгээр, боловсруулж, дэлхийн зах зээлийн үнэд ойрхон ханшаар хэдхэн гэр бүлд ашигтайгаар бус, нийт монголчуудад ашигтай байх нөхцөлөөр борлуулах талаар ихэд ярьж байна. Энэ нь ч шударга ёсонд нийцнэ. Тиймээс хүн амын тодорхой хэсэгт баялгаа, баялаг боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн төвүүдийг дагаж амьдрах хандлага аль хэдийн гарсан байна. Иймээс энэ чиглэлээр бүс нутгийн хөгжилтэй холбогдсон хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах  цаг нь болсон.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.