Германууд Тавантолгойн нүүрсийг худалдаж авах сонирхолтой байна
2012.04.02

Германууд Тавантолгойн нүүрсийг худалдаж авах сонирхолтой байна

ХБНГУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтуудтай танилцаж байна. Тэдгээрийн нэг нь Дюсселдорф хот дахь “Тюссен Крупп Стийль Европе” (Тyssen Krupp Steel Europe) ХК-ийн Валсум дахь коксын үйлдвэр юм.Дэлхийн 80 гаруй оронд салбартай, 180 мянган ажилчинтай “Тyssen Krupp” компанийн охин компани болох энэхүү үйлдвэр жилд 15 сая тонн ган төмөр гаргаж байгаа нь уг үйлдвэр хэр зэрэг том, хүчин чадалтай болохыг илтгэж байна.

Харин коксжих нүүрсний үйлдвэрт жилд 3.9 сая тонн нүүрсийг коксжуулдаг байна. Нүүрсээ Австрали , Канадаас авдаг. “Бидэнд бусад орноос нүүрс худалдан авч тээвэрлэх нь эдийн засгийн хувьд олборлохоосоо илүү ашигтай байна. Манай улс нүүрсээ олон жил олборлож ашиглалаа, одоо бараг 2 мянган метрийн гүнээс олборлох болоод байна. Хэрвээ тээврийн асуудлыг шийдчихвэл бидэнд Монгол Улсаас нүүрс худалдаж авах сонирхол маш их бий. Учир нь монголын Таван толгойн нүүрс чанарын хувьд хамгийн сайн нь” гэж үйлдвэрийн удирдлага ярьж байлаа.

Тус үйлдвэр нүүрс коксжуулах, ган төмөр үйлдвэрлэх технологиороо дэлхийд дээгүүрт ордог юм байна. “Тюссен Крупп Стийль Европе” дэлхийн хамгийн том зуух, мөн дэлхийн хамгийн аюулгүй үйлдвэрлэлийн технологио Ерөнхийлөгч болон дагалдан яваа хүмүүст үзүүлж танилцууллаа.
Эх сурвалж
Ерөнхийлөгчийн ХМА
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.