Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдыг хүлээн авч уулзав
2012.04.16

Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдыг хүлээн авч уулзав

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж өнөөдөр үдээс өмнө Төрийн ордонд Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/-дын хохирогчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд УИХ-ын Тамгын газрын Хуульзүйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Б.Баасандорж, Төсвийн Байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ё.Мөнхбаатар, ХЗХ-дын хохирогчдын төлөөлөл болох таван хүн, мөн хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцов.

Уулзалтын эхэнд ХЗХ-ны хохирогчдын түр хорооны гишүүн Г.Нямдорж бүтэн таван жилийн турш сунжирч буй энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр энэ оны нэгдүгээр сарын 2-ноос хойш 10-аад газар хандан хөөцөлдөж байгаагаа дуулгаад УИХ-ын Тамгын газрын дарга ийнхүү хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийллээ. Тэрбээр ярихдаа:

-2006 онд ажиллаж байсан 840 ХЗХ-ноос 15-аас бусдынх нь үйл ажиллагааг зогсоон, эд хөрөнгийг нь битүүмжлэн хурааж авсны улмаас 8300 хүн, тэдний ар гэр, төрөл төрөгсдийг нийлүүлээд бум орчим хүн хохирсны хариуцлагыг төр хүлээх учиртай. УИХ 2004 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа “ХЗХ-дын асуудлыг хэлэлцэх цаг нь биш” хэмээн ХЗХ-ны хуулийг гаргалгүй орхигдуулж асуудлыг хүндрүүлсний дээр ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан даргатай Засгийн газрын комисс хуруугаа ч хөдөлгөлгүй бүтэн таван жил алдсанд хохирогчид гомдолтой байна. Үнэн хэрэгтээ нэг ч ХЗХ дампуураагүй ч дампуурсан хэмээн зарлаж, иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгон гамшгийн хэмжээнд хүргэсэн энэ асуудлаа цэгцэлж, үлдэгдэл хохирлыг түргэн барагдуулахыг холбогдох албан тушаалтнуудад удаа дараа хүссэн ч хөдлөхгүй байна.

Хоршоодыг устгаснаар хөдөөгийн малчид Хаан банк гэх мэт арилжааны банкны малыг хариулах болж, ломбардууд баяжиж байна. Бид олон удаа, түүний дотор МҮЭХ-ноос төрд хандаж ХЗХ-дын хохирогчдын хохирлын үлдэгдэл 50 хувийг барагдуулах 27 тэрбум төгрөгийг гаргаж өгөх эрхзүйн орчин бүрдүүлэхийг УИХ-аас хүссэн. Төр энэ хохирлыг барагдуулна гэсэн, хэзээ үүнийгээ шийдвэрлэх вэ гэлээ. Мөн Баян-Өндөр сан ХЗХ-ны хохирогч З.Дашдорж ХЗХ-дын үлдэгдэл хохирлыг төрөөс барагдуулах нь зүйтэй гэж хохирогчид үзэж байгаагийн үндэслэлийг тайлбарлахдаа:-Хохирогчдын хохирлыг барагдуулах тухай нэг удаагийн хуулийг хэрэгжүүлэх 242-р журмын зүйл, заалтыг Засгийн газар удаа дараа зөрчсөн, тухайлбал, уг журмын 6-2-т ХЗХ-ны битүүмжилсэн хөрөнгийн дуудлага худалдааны анхны үнэ нь мөрдөн байцаалтын үеэр тогтоосон үнэ байна гэсэн заалтыг зөрчсөн, өр барагдуулах комиссынхон үнэ тогтоох эрхгүй атлаа 16 объектыг өөрсдөө өндөр үнээр зарсан ноцтой зөрчил гаргасны улмаас 2 удаагийн дуудлага худалдаа нэг төдий, өрсөлдөгчгүй болж танил талдаа өгөх боломж бүрдсэн гээд “Засгийн газраас бидэнд өгсөн хариуд дампуурсан ХЗХ-дын хохирлын үлдэгдэл 50 хувийг олгох эрхзүйн орчин бүрдээгүй” гэсэн тул УИХ түүнийг бүрдүүлж өгөхийг хүсэж байна гэсэн юм.Мөн Хохирогч Д.Дашдаваа, Д.Батбаян нар “Бидэнд улс төр ямар ч хамаагүй, манай түр хорооны гишүүд ихэнх нь аль нэг нам, эвсэл, хөдөлгөөний гишүүд биш, бид 5-6 жил хүлээж цөхөрлөө, зарим нь амь насаа алдаж, зарим нь орох оронгүй боллоо. ХЗХ-д улсын бүртгэлтэй, хэрэглэгчдийн найдвартай түнш гэсэн гэрчилгээтэй, ОНМХ-ээр нэр алдартай хүмүүс зогсоо зайгүй сурталчилж байхад нь итгэсэн, эдгээр хоршоо гишүүдийнхээ хохирлыг бүрэн төлөх боломжтой байсан ч санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагааг нь бүрэн зогсоосны дээр хоршооныхоо хөрөнгийг өөрсдөө хуваан авч хохирлоо барагдуулах хүсэлтийг маань хүлээж авалгүй хөрөнгө хогшлыг үнэгүйдүүлсэн. Үнэндээ төр ХЗХ-дын бус, жирийн иргэд бидний хөрөнгийг хураасан” хэмээн ярьж байлаа.УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж тэдний үгийг анхааралтай сонссоны эцэст УИХ-ын Тамгын газар энэ асуудлыг шийдвэрлэдэг эрх бүхий субъект биш, энэ мэт хуульзүйн шинжтэй асуудалд орох эрхгүй, УИХ-д үйлчилж, УИХ-ын чуулган, Байнгын хороодын үйл ажиллагааг хангах үүрэгтэй байгууллага.

Гэхдээ нэгэнт манай Тамгын газарт хандсан тул та бүхний уулзахыг хүссэн УИХ-ын гишүүдтэй, тухайлбал, байнгын хорооны дарга Д.Одхүү, Р.Буд, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр нартай уулзуулах арга хэмжээ авна.

Монгол Улсын иргэн хэн боловч төрдөө хандвал төрийн тухайн албан хаагч түүнтэй заавал уулзах үүрэгтэй. Энэ асуудлаар үүний зөв, түүний буруу гэсэн ямар нэгэн дүгнэлт би хэлэхгүй, Монгол Улсын Их хурал өөрөөс шалтгаалах үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа. 2007 оны наймдугаар сарын 3-нд Хохирлыг эргэн төлөх нөхцөлтэйгөөр барагдуулах хууль гаргаснаар биелэлт нь 98,3 хувьтай явж байгаа. Үүний үр дүнд нийт 36 тэрбум төгрөг гөргуулж ШШБЕГ-т өгсөн. Та бүхэн бас Засгийн газрын харьяа байгууллагуудад санал хүсэлтээ хүчтэй тавих хэрэгтэй.

Хохирлыг эргэн төлөх нөхцөлтэйгөөр барагдуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 27 тэрбум төгрөг гаргуулах эрхзүйн орчин бүрдүүлэх хүсэлтийг тань УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороодод албан ёсоор хүргүүлнэ гэлээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.